sonin.mn
“Ариун” нэртэй сальфетик, ариун цэврийн цаасыг хэрэглэдэггүй хүн байхгүй биз ээ. Энэ удаагийн зочноор “Хөгжил трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Отгонцэцэгийг урилаа.
 
-Танай компанийг “Ариун” нэртэй бүтээгдэхүүнээр олон хүн таньж байгаа болов уу. Компаниа хэдийд үүсгэн байгуулсан бэ?
 
-Манай компани байгуулагдаад 14 жил болж байна. Анх нойтон салфетька үйлдвэрлэж эхэлсэн бол одоо ариун цэврийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болсон. Бид 51 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч аль болох ажлын байраа хадгалж үлдэхийг хичээж байгаа.
 
-Түүхий эдээ хаанаас авч байна. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа үед дотоодын үйлдвэрлэл явуулахад хэцүү байгааг үйлдвэрлэгчид хэлдэг. Таны хувьд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
 
-Манай компани үйлдвэрийн түүхий эдийг урд хөршөөс оруулж ирдэг. Бид хэдийгээр дотоодоос түүхий эдээ авахыг зорьж байгаа ч манай улсад байхгүй тохиолдол бий. Харин тулгамдаж буй асуудал гарна. Бизнес эрхлэгчдэд тулгардаг түгээмэл асуудлууд байгаа. Тухайлбал, төрийн бодлого, татвар зэрэг асуудлыг дурдаж болно. Гэсэн хэдий ч аль болох бүх л асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг хичээж байна. Учир нь бид хэдийгээр 51 ажилтантай гэж байгаа ч түүний цаана гурван ам бүл байгаа гэвэл 150 гаруй хүний нийгмийн асуудлыг алдагуулахгүйгээр шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм шүү дээ.
 
-Бизнест оролцох төрийн оролцоо их болохоор бизнес эрхлэгчдэд хэцүү байна гэдэг. Бизнес эрхлээд арав гаруй жил өнгөрчээ. Та бүхнийг үйлдвэрлэлээ эхлэж байх үеийг одоогийнхтой харьцуулбал?
 
-Анх бизнесээ эхлүүлж байх үед олон хүн үйлдвэрлэл, бизнес эрхэлж эхэлж байсан. Тэгэхэд эдийн засгийн нөхцөл байдлаас болсон уу эсвэл хяналт бага байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л хүн хийж чадаж л байвал юу ч хийж болох байсан юм шүү дээ. Харин одоо цаг өөр болсон. Монголд чухам юу хийж болох вэ, хүмүүс ямар бараа бүтээгдэхүүнийг илүү авах вэ зэрэг нарийн тооцоо судалгаанд үндэслэн ажиллах ёстой.
 
Зах зээлийн нийгэмд шилжиж байсан эхэн үед бүх л зүйл сонин содон байсан бол одоо аль нь илүү чанартай вэ, хэр удаан хэрэглэх вэ, байгалийн гаралтай байж чадах уу гэх зэргээр маш олон шалгуурыг үйлчлүүлэгчид маань тавьдаг болсон. Энэ бүгдийг тооцоолсны эцэст бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ худалдан авах чадварт суурилсан үнэ тогтоох учиртай. Гэтэл энэ талд төрийн бодлого дутагдсанаас зарим бэрхшээл тулгарсаар байгаа юм. Тухайлбал, манай бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааг импортоор, илүү хямд үнээр оруулж ирж байна. Энэ нь бизнес эрхэлж байгаа хүний хувьд буруу зүйл биш. Гэвч дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэн, чадавхийг нь сайжруулахыг зорьж байгаа бол төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй.
 
Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бараа бүх худалдаа үйлчилгээний газруудад борлуулж байгаа боловч гарал үүсэл нь тодорхойгүй, зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй импортын хямд барааг хэрэглэж эхэлдэг. Энэ нь төрийн буруу бодлогоос болж байгаа юм. Хэрэв үндэсний үйлдвэрлэлүүд өөр хоорондоо өрсөлдөх хэмжээний зах зээл, эдийн засгийг бүрдүүлээд өгвөл гадны бүтээгдэхүүнд мөнгө төлөх шаардлагагүй болно. Дотооддоо үйлдвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн вальютын урсгалыг гадагш чиглүүлэх шаардлагагүй.
 
Түүний оронд нэг салбарт хэд, хэдэн үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх болно. Энэ нь бүтээгдэхүүний чанар сайжрахад шууд нөлөөлөхөөс гадна үйлдвэрлэгчид туршлагатай, чадвартай болох юм шүү дээ. Бас нэг асуудал бий үйлдвэрлэгчид түүхий эдээ оруулж ирэхдээ гааль дээр татвар, хурамжаа хуулийн дагуу төлдөг. Харин ганзагын наймаачид машиныхаа мөнгийг төлөөд л ямар ч татваргүй, чанарын баталгаагүй барааг зах зээлд нийлүүлдэг.
 
-Ихэнх дотоодын үйлдвэрлэгчид гааль, татварын бодлогоо зөв зохицуулчихвал үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдэг. Түүнчлэн импортын бараанд ногдуулах татварын хэмжээг өндөр болгох хэрэгтэйг сануулдаг. Таны хувьд?
 
-Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн импортын барааны татварыг өндөр болгох нь зүйтэй. Үүгээрээ дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгөхөөс гадна бүтээгдэхүүний үнэ буурч, өрсөлдөх чадвар сайжирна. Мөн гаалийн татвар дээр бэлэн бараа, бэлдэц хоёр дээр ялгаатай татвар тогтоох хэрэгтэй. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал улсдаа татвараа төлөхдөө бизнес эрхлэгчид баяртай байх болно. Тэгэхээр гаалийн бодлого болон импортын бараанд тавих хоригийг сайжруулах нь зүйтэй болов уу.
 
-Монгол Улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж сүүлийн зургаан жил элдэв төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн. Гэвч үр дүн харагдахгүй байна гэх шүүмжлэл бий. Зарим нь бүр зогссон тохиолдол ч гарч байна. Тэгвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юуг, хэрхэн хийх ёстой гэж бодож байна вэ?
 
-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн гол зам нь каластерийн зарчим юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл эрхлэгчид өөр хоорондоо хамтрах хэрэгтэй. Харамсалтай нь монголчууд бүх зүйлийг өөрөө хийхийг илүүд үздэг муу зуршилтай шүү дээ. Хэрэв каластераар үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дангаараа зүтгэсэн хугацаанаас ч богино хугацаанд өрсөлдөх чадвар сайжирна. Энэ хэрээр эдийн засагт ч эерэгээр нөлөөлнө. Найдвартай ажлын байр нэмэгдэнэ. Энэ мэтчилэн сайн тал бий.
 
-Үйлдвэрлэгчдийн хувьд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь бас нэг асуудал гэлцдэг. Танай байгууллагын хувьд ажиллах боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ?
 
-Манай үйлдвэрийн ажилчдын 60-аад хувь нь анх үйлдвэр байгуулагдсанаас хойш ажилласан. Тэгэхээр ажиллах боловсон хүчний тухайд харьцангүй гайгүй байна. Мэдээж шинээр ажилчид авах үе гарна. Тухайн үедээ хуучин хүмүүстээ дагалдуулан сургаж авдаг. Харин манай компанид ажиллаж байгаа хүмүүсийг “Бид үндэсний үйлдвэрлэгч” хэмээн өөрсдөөрөө бахархдаг байгаасай гэж хүсдэг. Учир нь тэд үндэснийхээ үйлдвэрлэлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм.
 
-Сүүлийн 50 гаруй жил хүмүүс дээд боловсролд анхаарлаа хандуулж ирсэн нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдлыг бий болгосон гэж үздэг. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Санал нийлнэ. Учир нь хөнгөн үйлдвэрлэлийн механик буюу үйлдвэрлэлийн дамжлага, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарахад мундаг дипломтой инженерүүд засч чаддаггүй. Харин мэргэжлийг нь эзэмшсэн энгийн ажилтан төвөггүйхэн засчихдаг юм шүү дээ. Тэгэхээр компанид ямар боловсон хүчин хэрэгтэй байна. Түүнийгээ үйлдвэр дээрээ дадлага хийлгэн бэлдэж авах нь зөв. Мөн компанийн зүгээс ямар чиглэлийн боловсон хүчин хэрэгтэй байна, тэр хүмүүсийг бэлтгэж өгөх санал тавих хэрэгтэй.
 
-Вальютын ханш дотоодын барааны үнэ өсөхөд нөлөөлөх ёсгүй гэж хэрэглэгчид үздэг. Гэтэл үйлдвэрлэгчид шууд нөлөөлдөг хүчин зүйл гэдэг. Та үүнийг тайлбарлаж өгөөч?
 
-Мэдээж дотооддоо цаас үйлдвэрлэе гэвэл үндсэн түүхий эдээ зайлшгүй гаднаас оруулж ирэх болно. Тэгэхээр вальютын ханшийн өсөлт үйлдвэрлээд гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь тодорхой. Төрийн бодлогоор үүнийг зохицуулах боломжгүй бол татварын тал дээр хөнгөлөлт үзүүлбэл барааны үнээ хэвээр нь хадгалах боломжтой. Жишээлбэл, инфляц тодорхой нэг хувьтай байхад татварын хэмжээ түүнээс хамаарч өсч, буурдаг байвал бэрхшээл бага байх болно. Түүхий эдээ оруулж ирэх үед валютын ханш өсвөл түүхий эдийн үнэ зайлшгүй нэмэгдэнэ.
 
Гэтэл гаалийн татвар бас дагаад өсчихдөг. Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлтийг дагаад татвар нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр ханшийн өсөлтөөс хамааралгүй үндсэн жишгээр татвар авдаг байх нь зөв. Ингэж чадвал дотоодын үйлдвэрлэгчдэд багахан ч гэсэн тус дэм болох юм. Мэдээж бизнесийн байгууллага ашиг олох учиртай. Гэтэл ханш нэмэгдэх бүрт үнээ нэмээд байж болохгүй, тэглээ гээд цомхотгол хийх хэцүү хүнд үеүд гардаг л юм.
 
-Үйлдвэрлэгчдийн хувьд санхүүжилт тулгамдсан асуудал. Дотоодын банкнаас зээл авна гэвэл өндөр хүүтэй, богино хугацаатай. Энэ нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүү хэл, сөхрүүлж байна гэдэг шүү дээ?
 
-Богино хугацаатай зээлийг эргээд төлөх хэцүү байдаг ч урт хугацаатай зээл ч мөн адил бизнест үр өгөөжтэй байдаггүй. Жишээлбэл, нэг тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаатай зээлээр авчээ. Зээлээ төлж дуусахаас минь өмнө дараагийн шинэчлэгдсэн загварууд гараад л ирдэг. Тэгэхээр богино эргэлттэй, хурдан олгогддог, хүү багатай зээлийн нөхцөл үйлдвэрлэлийн санхүүжилт хэрэгтэй.
 
Яагаад гэвэл, ямар нэг банкнаас зээл авахын тулд материалаа бүрдүүлж хүсэлтээ өгөөд хүлээхэд доод тал гурван сарын хугацааг зарцуулж байна. Ингэхээр маш их цаг хугацааг алддаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг судлаад үзэхээр хүүн дээрээ бараг таван хувийн хүүг нэмээд шимэтгэл гэж тайлбарладаг. Тэгэхээр банкны зээл, шимэтгэлийн асуудал нь эргээд бизнес эрхлэгчдэд маш том дарамт болдог. Хэрэв дотоодын банкууд үндэсний үйлдвэр эрхлэгчдийн зээлийн нөхцөл дээр арай уян хатан бодлого баримталдаг, байнгын харилцагчиддаа шинэ хөрөнгө оруулагчийг ойртуулж өгдөг байвал нэмэр болно. Нэгэнт гадаад, дотоод бүх гүйлгээ тэр л банкаар хийгдэж байгаа шүү дээ.  
 
 
Г.Анударь
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин