sonin.mn
ДАМАСК. /NHK/. Алеппо хотын зүүн хэсгээс шархадсан болон өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үүднээс аюулгүйн коридор бий болгохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Сирийн Засгийн газраас хүслээ.
 
Алеппо хотын зүүн хэсэгт нөхцөл байдал улам дордож, агаарын цохилтод өртөж, амиа алдах эсвэл шархадсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна гэж ДЭМБ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
 
Ердөө 35-хан эмч 250 мянга орчим хүнийг эмчилж асарч байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын цэргүүд болон сөрөг хүчний хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо энэ сарын 12-нд хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл Засгийн газрын хүчин Алеппо хотын зүүн хэсэгт агаарын цохилт өгч эхэлснээр гал зогсоох тохиролцоо нуран унасан юм.
 
Мягмар гарагт Сирийн Засгийн газрын хүчин агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаагийн улмаас 200 гаруй энгийн иргэн амиа алджээ. Агаарын цохилтын улмаас иргэдэд тусламж хүргэж чадахгүй байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг