sonin.mn
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын сургуулийн үе үеийн сурагч, төгсөгчид монгол хэл-уран зохиолын хичээл зааж, анги даасан  С.Осгон багшаа дурсдаг. Өөрөө тайван дөлгөөн, уур уцааргүй амгалан тайван хүн. Тийм болохоор шавь нараа аашилж загнах,  муу үг хэлэхийг тэвчиж, дандаа сайн сайхан зүйл хэлж, урам өгч байдаг. Тэр  нь хичээлдээ муу нэгнийг ч урагшаа зүтгэх шат болдог байв.
 
С.Осгон багш маань 1965 онд УБДС-ийг монгол хэл-уран зохиолын багшийн ангийг төгсч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдаа багшилсан. Боловсролын салбарт 28 жил ажиллаад 1992 онд гавьяаны амралтаа авсан.
 
Энэ хооронд анги даасан багшаар ажиллаж, найман наймдугаар ангийг төгсгөсөн. Тэднийг тоолбол   300 гаруй шавь бий.  Монгол хэл-уран зохиолын хичээл заасныг авч үзвэл  2000-3000  мянган шавьтай. Шавь нараа уран зохиол, шүлэг найргаар хөглөж, зохион бичлэгийн уралдаан зохиож байсан нь олон хүнд жигүүр ургуулсан,  авьяастай нэгэнд нь  оргилд хүрэх далавч болсон.
 
Тэр нь  багшийн маань  гарын шавь нар дотроос олон зохиолч, яруу найрагч, сайн сэтгүүлчид төрж гарснаас харагдана. МЗЭ-ийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, дууны шүлгийн нэрт мастеруудын нэг, яруу найрагч Н.Лутбаяр, “Чоно голын хилийн хороо”, “Олонтой явсан аав”, “Наран мандах нутаг” зэрэг олон сайхан дууны шүлгээрээ олны танил болсон МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Амартайван, “Зээрэн зүстэй тал” яруу найргийн номоо өлгийдсөн яруу найрагч Б.Амартайван, Эрээнцавд амьдардаг яруу найрагч Ө.Батжаргал, өдгөө “Зууны мэдээ” сонинд ажиллаж байгаа сэтгүүлч Ч.Үл-Олдох нар С.Осгон багшийн гарын шавь юм.
 
С.Осгон багш маань олон талтай хүн. Дуулбал дуулчихна, хөгжим тогловол тоглочихно, зураг зурах, шүлэг зохиох, эвлүүлж бичих гээд цогц авьяасын нийлбэр.  Дан ганц хичээл зааснаар хүүхдүүдээ орхихгүй. Одоо ч гэсэн очоод уулзсан, хааяа утсаар ярьсан шавь нартаа амьдралын  ухаанаас  хэлж зөвлөж  л суух. Өдгөө буурал багш минь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумандаа эгэл амьдралын үлгэр жишээ болж яваа.
 
Бэртэл авч хоёр хөл дээрээ  гишгэж чадахгүй, таяг тулах  болсон ч  авсаархан  жижиг тэрэг хөлөглөн  сумын төвийн гудамжаар “давхиж”, аар саар зүйлээс эхлэн их ажил амжуулж, хүрэхгүй газаргүй,  уулзахгүй хүнгүй ажилсаг, санаачилгатайн үлгэр дууриал болж байгаа билээ.  Тандаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж, урт наслаж удаан жаргахыг хүсэн ерөөе.
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын сургуулийн  1987 оны  8 “А” ангийн төгсөгч Д.Оюунхун
 
 
С.Осгон багш. 2016.07.28
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин