sonin.mn
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч  Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан” Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
 
Тус  уралдааныг  БСШУЯ, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран зохион байгуулж байна. Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой гурван жил тутам зохион байгуулдаг тус уралдаанд мэргэжлийн бүжигчид болон бүжиг дэглээчид оролцож буйгаараа онцлогтой.
 
 
Уралдаанд ЦДБЭЧ, СУИС, Сүлд чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан- Уул аймгийн  270 гаруй уран бүтээлч гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорьж байгаа юм.
 
Уралдааны шүүгчээр Монголын Урлагийн Ажилтны холбооны тэргүүн УГЗ Ч.Даваасүрэн, УГЗ, Төрийн соёрхолт, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, МУГЖ, бүжиг дэглээч  Л.Ганчимэг, ӨМӨЗО-ны Бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Жимсээ,   ХБК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун нар ажиллаж байна.
 
Уралдааны Гала тоглолт маргааш ҮДБЭЧ-ын тайзнаа болно. Харин шилдгийн шилдгүүд Дархан-Уул  аймагт ирэх сарын 01-нд болох тоглолтын үеэр шагналаа гардах юм. Гран при шагналын эзнийг БСШУЯ-наас 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Дашрамд дурдахад, Ц.Сэвжидийн нэрэмжит улсын анхдугаар уралдаан 1996 онд болж, 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байжээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг