sonin.mn
АЛЕППО. /NHK/. Сирийн сайн дурынхны нэгэн бүлгийн гишүүд Сирийн Алеппо хотод агаарын дайралт болсны дараа амьд үлдсэн бяцхан охиныг нурангин дороос татан гаргаж буй бичлэгийг цацжээ.
 
“Цагаан дуулга” нэртэй уг бүлгийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг сайн дурын ажилтнууд байгуулжээ.  Бичлэгийг пүрэв гарагт нийтэд дэлгэсэн байна. Бичлэгт тус бүлгийн гишүүд охины эргэн тойронд байсан нурангийг цэвэрлэж, чамайг удахгүй аврах болно гэж хэлж байгаа нь харагдана. Охин таван настай бөгөөд түүнийг нурангин дороос гаргаж авах үед тоосонд дарагдан маш их шаналсан царай төрхтэй байжээ.
 
9 дүгээр сарын 12-нд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн хэдий ч Сирид зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Ерөнхийлөгч Башар ал-Ассадын Засгийн газрын цэргүүд сөрөг хүчний хяналтад байгаа Алеппо хотын зүүн дүүрэг рүү дайралт хийсээр байна.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагаас хойш тус бүсэд хамгийн цөөндөө 96 хүүхэд амиа алдаж, 223 хүүхэд шархаджээ.
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг