sonin.mn
БНТУ-ын Үндэсний Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Юсуф Тэкин өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан. Энэ үеэр түүнтэй уулзаж, Туркийн боловсролын тогтолцоо, өнөөгийн байдал, Монгол Улстай цаашид хэрхэн хамтарч ажиллах бололцоотой эсэх талаар ярилцлаа.
 
-Турк Улс ямар боловсролын системтэй вэ. Үүнээс хоёул яриагаа эхлэх үү?
 
-Турк Улс 80 сая хүн амтай. Өөрөөр хэлбэл маш залуу хүн амтай улс юм. Энэхүү 80 сая хүн амын 4/1 нь оюутан, багш, сурагч гэхчлэн ямар нэгэн байдлаар боловсролын салбарт хамааралтай улс байдаг. Манай улс бага, дунд, ахлах буюу 12 жилийн боловсролын тогтолцоотой.  Өдгөө ерөнхий боловсролын 70 мянга орчим сургуульд нийт 18 сая сурагч суралцаж байна. Их дээд сургуулиудад 6 сая оюутан сурч байна. Нийтдээ 25 сая турк иргэн оюутан болон сурагч байна гэсэн үг юм.
 
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Турк Улс боловсролын салбартаа томоохон алхамуудыг хийж ирлээ. Одоогоор анги дүүргэлт дундажаар 20-иос бага болсон байна. Нэг багшид ноогдох сурагчийн тоо 15-иас доош орж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд анги танхимуудад ухаалаг самбар байршуулах, цахим технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх чиглэлийн төслүүд улс даяар хэрэгжиж байна.
 
Мөн дашрамд нэмж хэлэхэд өдгөө манай улсад 3 сая Сирийн дүрвэгч иргэн амьдарч байна. Тэдний 3/1 нь буюу нэг сая орчим нь ЕБС-ийн насны хүүхдүүд юм. Тэдгээр нэг сая орчим хүүхдүүдээс 450 мянга орчмыг нь сургуульд хамруулаад байна. Гэхдээ бид сургалтыг Сирийн боловсролын хөтөлбөрөөр явуулдаг юм.
 
-Нэг ангид ноогдох хүүхдийн тоо болон нэг багшид ноогдох сурагчийн тоо бага тоо руу орж ирсэн гэж та ярьлаа. Энэ үзүүлэлтэд хэрхэн хүрэв?
 
-2002 онд анги дүүргэлт 40 байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч Режип Тайип Эрдагон ажиллаж байсан юм. Тэр үед нийт төсөвт ноогдох боловсролын салбарын зарцуулалт 100/3 хувь байсныг 10 дахин өсгөсөн.
 
Одоо манай улсад нийт 1 сая орчим багш ажиллаж байна. Тэдгээрийн 60 хувь нь буюу 600 мянган багшийг сүүлийн 10 жилд шинээр сургаж бэлтгэсэн байдаг. Хүн ам өнгөрсөн хугацаанд их өслөө. Энэ өсөлттэй холбогдуулж багшийн тоог нэмэгдүүллээ, барьж байгуулах сургуулийн тоог олширууллаа. Энэ хэрээр боловсролын салбарт төсөвлөх төсвөө мөн нэмсэн. Эдгээр чармайлт нь дээрх амжилтад хүргэсэн.
 
-Танай улс жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Жилд дунджаар хэдий тооны их дээд сургуульд дэлхийн хэдэн орноос оюутан хүлээж авдаг вэ?
 
-Үндэсний Боловсролын яам тэтгэлэгт хөтөлбөрийн асуудалд чиг үүрийг хувьд оролцдоггүй. Гэхдээ энэ жилийн хувьд Туркийн Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд дэлхийн 170 орноос 92 мянга орчим хүсэлт хүлээн авсан. Тэдгээр 92 мянган хүсэлтээс 4000 хүсэлтийг нь хүлээж авч, тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.
 
Монгол Улсын хувьд 75 оюутныг бакалавр, магистр, докторын түвшинд сургахаар болсон. Үндэсний Боловсролын яам нь ЕБС-ийн хөтөлбөрийг хариуцаж ажилладаг. Тиймээс манай улсын ЕБС-ийн насны монгол хүүхдүүд Турк Улсад суралцах хүсэлтээ гаргавал яамны харьяа сургуулиудад сургах боломж бий.
 
-Турк Улсын ЕБС-д монгол хүүхэд сургах бололцоотой гэж байна. Танай улс энэ тал дээр хэр туршлага хуримтлуулаад байна вэ. Монгол хүүхдүүд сурья гэвэл хэдээс хэдэн насны хүүхдүүдийг хэрхэн хамруулах боломжтой вэ?
 
-Энэ бол шинээр хэрэгжиж байгаа төсөл юм. Одоогоор ахлах ангийн сурагчдад зориулсан 12 сургуулийг байгуулаад байна. Эдгээр 12 сургуулийн хүрээнд 1000 орчим оюутныг сургаж байна. Байгалийн ухааны сургалттай тэдгээр сургуулиуд монгол оюутан сурагчдыг хүлээж авах бололцоотой.  
 
-Та БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай уулзаж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалт хэр үр дүнтэй болов?
 
-Бидний боловсролын салбарын хамтын ажиллагаа 1992 оноос улбаатай. Тухайн үед Турк Улсын санхүү, эдийн засгийн боломж өнөөгийнх шиг хүчирхэг байгаагүй. Одоо хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчилснээр илүү олон чиглэлд хамтрах боломж нээгдэнэ гэж бодож байна. Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн байснаар найрамдлын гүүр болох хүүхэд залуусын тоо нэмэгдэнэ. Үүгээр дамжуулж хоёр орны найрсаг харилцаанд томоохон хувь нэмэр орох болно.
 
-Үндэсний Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд таниас нэг зөвлөгөө хүсье. Ер нь тус улсад ямар чиглэлийн боловсрол эзэмшвэл илүү үр дүнтэй гэж та бодож байна вэ?
 
-Дээд боловсролын хувьд инженер болон анагаахын факультетад санаа зоволтгүй ирж суралцаж болно. Ер нь Турк Улс ерөнхий мэдлэгийн сургалтыг маш сайн явуулдаг. Ахлах ангийнхан бол байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн лицейд ирж суралцаж болно.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг