sonin.mn
БЕНАУЛИМ. /TASS/. БРИКС-ийн /Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс/ орнуудын удирдагчид Энэтхэгийн Гоа мужид болсон Дээд хэмжээний уулзалтын дараа тунхаг бичиг баталлаа.
 
Тэд "улс орнуудын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох, нэг талыг баримталсан хориг арга хэмжээг авахыг хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн зарчмаа дахин бататгасан байна.
 
“Олон улсад тулгамдсан асуудал, маргааныг улс төр, дипломат арга замаар зохицуулахын тулд хамтарсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Бид  улс орнуудын эрх тэгш байдлын төлөө болон улс орнуудын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх, олон улсын хуулиас гадуур нэг талыг баримтлан дарамт шахалт үзүүлэх арга хэмжээ авахгүй байх зарчмыг баримтална.
 
Мөн бид нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ болон олон улсын хуулийг зөрчсөн эдийн засгийн хориг арга хэмжээ, цэргийн оролцоог буруушааж байна” гэж тунхаг бичигт дурдаад, аль ч улс орон бусдын аюулгүй байдлыг золиосолж, өөрийн аюулгүй байдлаа хангах ёсгүйг онцлон тэмдэглэжээ.
 
Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтад оролцогчид ирэх онд БРИКС-ийн хийх ажлыг тусгасан мэдэгдлийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг баталсан байна.
Мөн БРИКС-ийн орнуудын гаалийн хамтын ажиллагааны хорооны тухай заалтыг баталж, хөдөө аж ахуйн судалгааны суурийг тавих тухай санамж бичиг болон эдгээр таван орны дипломат академиудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг