sonin.mn
Монгол улсын ШУА-ийн ээлжит Их чуулган 10 дугаар сарын 13-ны өдөр болж ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулав.
 
Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонголоо.
Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
 
Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрбээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
 
Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг