sonin.mn
Европын холбоо Монгол Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, Европын стандартын байгууллага (CEN)-тай тогтоосон сайн харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улсын үндэсний стандартчиллын байгууллага СХЗГ нь ХБНГУ-ын Франкфурт хотод CEN-ын Түнш стандартчиллын байгууллага(CSB) болох гэрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх хатагтай С.Янжинсүрэнг байлцуулан гарын үсэг зурлаа.
 
CEN болон СХЗГ нь Европ стандартыг нутагшуулах, техникийн хороодод ажиллах, мэдээлэл солилцох дээр түшиглэсэн урт хугацааны хамтын ажиллагаатай билээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Европын холбоо-Монгол Улсын худалдааны харилцаа болон Европын стандартчиллын тогтолцооны онцлог, үйл ажиллагаан дахь Монгол Улсын сонирхолд дэмжлэг болдог. Энэ оны хоёрдугаар сард CEN, CENELEC Монгол Улсын Тэргүүн шадар сайд болон Монгол Улсын их хурлын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авсан бөгөөд тэд шинэчлэн найруулагдаж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийг Европын холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчимтай тохируулах зорилгоор судалсан юм. 
 
Түнш стандартчиллын байгууллага(CSB) болох гэрээг байгуулснаар CEN болон СХЗГ хоорондын харилцаа илүү нягт түншлэлийн түвшинд хүрэх юм. Ингэснээр Европ, Монголын зах зээлийн уялдааг сайжруулна. Бүр нарийвчилбал Түнш стандартчиллын байгууллага (CSB)-ын статусынхаа ачаар Монгол мэргэжилтнүүд Европ мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, үзэл бодлоо солилцох, Европын техникийн хороодод багтаж Европ стандартыг боловсруулахад нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ.
 
Мөн Европ стандартыг нутагшуулснаар худалдаан дахь техникийн саадыг арилгахад дэмжлэг үзүүлэх, бие биеэсээ суралцаж зах зээлийн уялдаа холбоог илүү сайжруулах, стратегийн салбарт хамтран ажиллаж шилдэг арга барилуудаа солилцох г.м олон боломж бий болно. Түүнчлэн CEN-ний Түнш стандартчиллын байгууллага(CSB)-ын статус нь СХЗГ-ын Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын хүрээн дэх үйл ажиллагаанд нэмэлт болох бөгөөд хоёр байгуулага хоёулаа олон улсын стандарт, олон улсын ажлыг тэргүүн эгнээнд тавих үүрэг хүлээсэн болно.
 
СХЗГ нь Европын стандартын байгууллага (CEN)-тай амжилттай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж 2017 оны нэгдүгээр сараас эхлэн Түнш стандартчиллын байгууллагын статусынхаа ашиг тусыг хүртэж эхлэх юм.