sonin.mn
ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 төрийн бус байгууллагын төлөөллүүд хамтран өнөөдөр Гэрч, хохирогчийг хамгаалах шинэчилсэн журмын талаар хэлэлцүүлэг хийлээ.
 
Хэлэлцүүлгээр “Гэрч, хохирогчийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний шинэчилсэн журам”-ын төслийг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.
 
ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Шинэ гаргаж буй журам гэрч, хохирогчдийн эрх ашигт нийцэж буй эсэхийг судлах зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас санал авлаа. Энэхүү журамд санхүүгийн эх үүсвэр, гэрч хохирогчийг хамгаалах хугацааг тодорхой тусгах хэрэгтэй байгааг ТББ-ын төлөөллүүд хэлж байна” гэв.
 
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах “Гэрч, хохирогчийг хамгаалах нь төрийн үүрэг. Тэднийг хамгаалах явцад гарч байгаа зардлыг төр хариуцах ёстой. Гэтэл төр хамгаалах байр ажиллуулж буй ТББ-ууддаа санхүүжилт огт өгөхгүй байна. 2012, 2013 онд гэрч, хохирогч хамгаалахад жилд 7 сая төгрөг өгч байсан. Харин 2014 оноос хойш санхүүгийн хямралтай гээд өгөхөө больсон. Гэрч, хохирогчдийг хамгаалахад зардал их гардаг. Иймээс төр үндсэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй” гэлээ.
 
Журамд гэрч хамгаалах төрийн өмчит байр барих, гэрч, хохирогчийн эрсдлийг тооцох маягттай болох, бэлгийн цөөнх, гадаадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан заалт шинээр оруулах зэрэг зохицуулалтыг тусгахаар ТББ-ууд санал хэлж байв. Эдгээр саналыг хамтран хэлэлцэж, нэгтгэсэн дүнгээ Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст өгөх юм байна.  
 
Г.Даваамаа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг