sonin.mn
Оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг нас, сургуулиар нь ялгаварлан олгож байгааг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/ багш, оюутнууд эсэргүүцэж, өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд жагсаал хийлээ.
 
Засгийн газрын шийдвэрээр их, дээд сургуулийн оюутнуудад он дуустал 70 мянган төгрөг олгохоор болсон ч МСҮТ-ийн оюутнуудад олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж. 2016 оны Төсвийн тодотголоор МСҮТ-ийн 42 мянган оюутны тэтгэлэг болох 20 гаруй тэрбум, багш нарын цалин болох 1,7 тэрбум төгрөгийг хасахаар шийдвэрлэснийг тус сургуулийнхан эсэргүүцэж байна.
 
Хамаг Монгол сургуулийн захирал Д.Уламбаяр “УИХ-ын Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр "тэвчиж болох зардал" гэж МСҮТ-ийн оюутны тэтгэлэг, хувийн хэвшлийн 40 гаруй сургуулийн хувьсах зардлыг хасч, оюутны виза картыг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн.
 
Энэ шийдвэрийг эсэргүүцэж бид энэ сарын 6-нд цуглаан хийж, холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу өнөөдөр ирлээ. Оюутны картыг олгож, багш нарын цалинг нөхөн олгох шийдвэр гарсан ч оюутны 70 мянгын асуудлаар тодорхой шийд ирсэнгүй. Манай оюутнуудыг нас, сургуулиар нь ялгаж байгааг эсэргүүцэж энэ цуглааныг зохиож байна” гэв.
 
Цаашлаад хариу ирэхгүй бол оюутны эрхийг хамгаалах түр хороо байгуулж, дараа дараагийн тэмцлийн аргыг хэрэглэхээ тэд мэдэгдэж байлаа. 
 
Г.Даваамаа
Гэрэл зургийг Б.Чадраабал  
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг