sonin.mn
СБД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн уурын зуух ашиглах боломжгүй болсноос хүүхдүүдээ хүлээн авахад хүндрэл үүсчээ.
 
Тус сургуулийг анх 2007 оны 3 дугаар сард Японы буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулжээ. Нийт 1360 хүүхэдтэй, 100 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаагаас 5 анги гуравдугаар ээлжинд хичээллэдэг байна.
 
Сургуулийн уурын зуух 2007 онд ашиглалтад орсноос хойш тасралтгүй 9 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд урсгал засвар тогтмол хийж ирсэн байна. Гэвч ашиглалтын явцад 1, 2, 4 дүгээр цамц усны шүүрэлттэй, гадна ханын лист төмөр бүхэлдээ сунаж, даралт даахгүйн улмаас НМХГ, Онцгой байдлын хэлтсийн ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ.
 
Энэ талаар тус сургуулийн захирал Б.Бадамсүрэн хэлэхдээ, “Манай сургууль төвийн халаалтад холбогдоогүй учир уурын зуухаар халдаг. Уурын зууханд стандартын дагуу 5 жил тутам их засвар хийх ёстой боловч манайд хийгдээгүй. Харин өөрсдөө задаргаа хийж, гагнуур засвар хийж үзсэн. Энэ жилээс уурын зуух элэгдэлд орж, гадна талдаа ус гоожин, уур савсаж, ачааллаа даахаа болиод байна. Одоо 20-30 хэмийн дулаантай ажиллаж байна. Өвлийн улиралд 60-70 хэмийн дулаантай ажиллах ёстой. Гэтэл даралт их өгвөл задарч, дэлбэрэх гээд байдаг. Энэ талаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг дарга, НБГ, дүүргийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн. Одоо яаралтай хөрөнгө оруулалтыг шийдэхгүй бол дулаанаар хангах боломжгүй боллоо. Энэ чигээрээ удвал манай сургууль хаагдахад хүрээд байна” хэмээн тодотгов.
 
Тус сургуулийн уурын зуух нийт 3000 м.кв талбай халаах хүчин чадалтай бөгөөд ирэх жил Биеийн тамирын заал барих тул хүчин чадлыг нь ихэсгэх хэрэгтэй. Хэрэв энэ жил уурын зуухаа шинэчилж чадахгүй бол 12 сая төгрөгийн засвар хийх, шинэчилвэл 51 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа аж.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг