sonin.mn
МАНИЛА. /ВВС/. Филиппин рүү хүчтэй хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. “Хайма” хар салхи дайран өнгөрсний дараа ширүүн бороо орж, өндөр давалгаа үүсч, шуурга болж болзошгүй гэдгийг цаг уурчид анхааруулсаар байна.
 
“Хайма” хар салхи Филиппиний зүүн эргээс 25 км/ц-ийн хурдтайгаар баруун болон баруун хойд зүгт шилжиж байна. Хар салхины төвд салхины хурд 200 км/ц байгаа ажээ.
Энэ хар салхи өнөөдөр тус улсын хойд нутгийн Лузон арлыг дайран өнгөрөх бололтой. 
 
“Хайма” хар салхи нь одоогоос гурван жилийн өмнө тус улсыг дайран өнгөрөхдөө 7350 гаруй хүний аминд хүрсэн “Хайян” хар салхитай адил хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж цаг уурчид анхаарууллаа.
 
Филиппинийг жилд 20 орчим хүчтэй хар салхи дайран өнгөрч, олон хүний аминд хүрдэг байна.
“Хайма” бол нэг долоо хоногийн хугацаанд тус улсыг дайран өнгөрөх гэж буй хоёр дахь хар салхи юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тус улсыг “Сарика” хар салхи дайран өнгөрсний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг