sonin.mn
ПАРИС. /NHK/. 20 орчим орны сайд нар өчигдөр Парис хотноо уулзалт хийж, Иракийн Мосул хот болон түүний ойролцоох газруудад бүслэгдээд буй иргэдийг хамгаалахын тулд хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Иракийн цэргүүд Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан сайд нар тус хотын байдлыг тогтворжуулах арга замыг хэлэлцсэн байна.
 
Мөн тус хотоос дүрвэсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүднээс хамтран ажиллахаар тохиролцсоныг Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Айро мэдэгдэв.
Түүний ярьснаар, Иракийн Курд болон Сирид байрлах дүрвэгсдийн хуаранд террористууд нэвтрэхээс сэргийлэн хяналт тавихаар сайд нар тохиролцсон байна.
Мөн тэрбээр Мосул хотыг чөлөөлсний дараа хотын оршин суугчдыг орон гэрт нь буцаахын тулд байшин барилгыг сэргээн босгох хэрэгтэйг дурдаад, эмнэлэг, сургуулиудыг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг