sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр Бээжин хотод болсон бизнес уулзалтын үеэр үг хэлэхдээ, Филиппин улс цэрэг, эдийн засгийн хувьд АНУ-аас тусгаарлаж байгааг мэдэгджээ.
 
Тэрбээр өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой асуудлаар хэлэлцээ хийсэнгүй, харин хоёр улсын харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Хэлэлцээний явцад Хятад улс Филиппиний дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт тусламж үзүүлэхээр болжээ.
 
Си Зиньпин Филиппинд 9 тэрбум гаруй долларын зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдсэн аж. Үүний зэрэгцээ Дутертегийн Хятадад хийж байгаа айлчлалын үеэр Филиппинд 13.5 тэрбум долларын эдийн засгийн тусламж үзүүлэх талаар тохиролцож магадгүй байна.
 
Филиппин бол Азийг дахин тэнцвэржүүлэх гадаад бодлого явуулдаг АНУ-ын холбоотон билээ. Гэтэл Ерөнхийлөгч Р.Дутерте АНУ-тай харилцаагаа тасалж, асар их тусламж амласан Хятадтай харилцаагаа бэхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг