sonin.mn
МОСКВА. /ВВС/. Босогчдын хяналтад байгаа Алеппо хотын зүүн хэсэг рүү чиглэсэн агаарын цохилтыг түр зогсоох хугацааг 24 цагаар буюу баасан гарагийн үдээс хойш хүртэл сунгалаа гэж ОХУ мэдэгдэв.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар гал зогсоох хугацааг орон нутгийн цагаар баасан гарагийн 16:00 цаг хүртэл сунгахыг тушаасан байна.
 
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан тэргүүн Ян Эгеланн хэлэхдээ, энэ хугацаанд өвчтэй, шархадсан хэдэн зуун иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж мэдэгдлээ.
 
Гэсэн хэдий ч босогчид гал түр зогсоох тохиролцоог зөрчсөнөөр мөргөлдөөн үргэлжилж байна гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд зарим иргэд хотоос гарахаас болгоомжилсон хэвээр  байна.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хамтран Алеппо хотын асуудлыг хэлэлцсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ "иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд босогчид саад болж байна” гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг