sonin.mn
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас  Ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан 21 аймгийн үйлчин бүсгүйчүүдийн чуулганыг саяхан зохион байгуулсан.
 
Энэ үеэр Үндэсний хувцас үйлдвэрлэлийн  “Ур ундрах” компанийн   захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяаг “Монголдоо бүтээцгээе” буландаа урьж ярилцсанаа хүргэж байна.
 
- Үндэсний хувцас, түүгээр дамжуулан монгол ёс заншил, түүх соёлоо сурталчилж байдаг таныг МҮХАҮТ  дээд шагнал “Хийморь” одонгоороо  саяхан шагнажээ, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
 
-Баярлалаа. Би оёдол, үйлдвэрлэл, нийтийн ахуй үйлчилгээний салбарт ажил үйлсээ эхлүүлээд  35 жил болж байна.
 
Сүүлийн 15 жил “Ур Ундрах” компниа ажиллуулж байгаа. Манай хамт олон иргэдийн захиалгаар монгол дээл, үндэсний хувцас хийдэг. Олон жил ийм хөдөлмөр эрхэлж байна. Үүнийг маань МҮХАҮТ, Нийтийн ахуй үйлчилгээний холбооноос өндөр үнэлж, “Хийморь” одон гардуулсанд маш их баяртай байна. Аливаа шагнал тухайн хүний хийж бүтээхэд урам өгч байдаг зүйл гэж ойлгодог. Намайг энэ шагналыг авахад олон хүн баяр хүргэж, урмын сайхан үг  хэлсэн. Цаашид үндэсний хувцсаа урлах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад улам  илүү хичээж ажиллана гэж бодож байна.
 
Монгол хувцас бол Монголын ард түмний хувцас. 1252 онд Хубилай хаан монгол хувцсыг хуульчилж  “Зүсмийн хувцас” гэж нэрлэн хувцасны хууль гаргасан байдаг. 1275 онд Мөнх хаан мөн хувцасны хууль гаргасан.
 
Үүнээс үзвэл, монгол хувцас зэрэг дэв, зиндаатай байсан ч гэсэн монгол хүний хувцас болохыг хуульчилсан  хуультай байжээ. Өнөөдөр даяаршлын нийгэмд дэндүү олон орны хувцас орж ирж, томоохон дэлгүүр хоршоогоор дүүрэн байна. Нэг бодлын сайхан. Нөгөө талаас Монголын ард түмний үйлдвэрлэсэн үндэсний хувцсыг монгол хүн өмсч байж  улс орны эдийн засаг хөл дээрээ тогтоно шүү дээ.  Би 1980-аад оноос Үйлдвэр, аж ахуйн комбинат гэж байхаас тасралтгүй хувцас үйлдвэрлэж, массын үйлдвэрийг явуулж ирсэн.
 
Тэр хугацаанд монголчууд эх орны үйлдвэрлэсэн хувцсыг өмсч эдэлж хэрэглэж байсан учраас борлуулалтын зовлон бай­сангүй. Сүүлийн жилүүдэд даяаршлын нийгэмд янз бүрийн бараа таваар, хувцас хэрэглэл их орж ирдэг болсноор бидэнд бусдаас ялгарах юм монгол төрх, нүүр царай л байна. Энэ бас бодох зүйл шүү.
 
-Гэхдээ монгол хувцсыг түгээн дэлгэрүүлж байгаа хүн мэр сэр байна. Нэг үеэ бодвол хүмүүс уламжлалт баяраар, залуус төгсөлтийн баяраараа өмсдөг болжээ?
 
  -Социализмын 70 жилд нэг хэсэг бүдгэрснийг бодвол сүүлийн үед  хүмүүс үндэсний хувцсаа өмсч хэрэглэх нь нэмэгдсэн. УИХ-д ч бас төлөөлөл байна. Тухайлбал,  монгол хувцсыг түгээн дэлгэрүүлэх талаар анхаарч, залууст үлгэр дууриал болж яваа, Монгол Улсын гавьяат жүжигчин  Самандын Жавхлан  байна. Би УИХ-д нэг том гэрэл гэгээ гарлаа гэж бодож байгаа.
 
Өмнө нь Б.Бат-Эрдэнэ гишүүн байсан. Сүүлд эмэгтэй гишүүд монгол дээлээ өмсч үлгэр жишээ болж байлаа. Цаашид монгол орноо, нийгмээ гэрэлтэй, монгол хүнээ орлоготой байлгая гэвэл тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч, өмсч зүүж хэрэглэж баймаар байна гэдгийг танай сониноор   дамжуулан   хэлье, монголчууддаа уриалъя. Энэтхэгийн удирдагч Индра Ганди 1989 онд “Энэтхэг хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг энэтхэг хүн хэрэглэж байж хоолтой болно. Дараа нь та нар гадаадад гаргах талаар бод” гэж хэлсэн байдаг.
 
Түүнээс жишээ авч бодоход, өнөөдөр бид гутлаа хийж чадаж байна. Малгайгаа хийгээд өмсч байна. Дээлээ үйлдвэрлэж байна. Ямар л хэлбэр, загвартай үйлдвэрлэе гэсэн  олон газар, салбарт янз бүрээр оёж байна. Монгол хүн монгол хүнийхээ оёсон хувцсыг дотооддоо өмсч эдлэх талд өргөн арга хэмжээ аваасай.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  үндэсний хувцсаар  хувцаслаж, орчуулагч хөтөч нар, гадаадад томилолтоор явж байгаа албаны төлөөлөгчид өргөн дэлгэр өмсч байгаасай.
 
-Гадаадаас, дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа монголчуудаас үндэсний хувцсаа  хэр захиалдаг юм бол?
 
-Сүүлийн үед гадаа­даас захиалга их ирдэг бол­сон. Гадаадад байгаа монгол хүнээс тухайн га­зар орныхон соёл, ёс уламжлалыг нь их хардагтай холбоотой байх. Өвөрмонголчууд бас их захиалдаг юм.
 
-Одоо намар дуусч, өвлийн улирал эхэлж байна. Улирлын онцлогт тааруулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
 
-Мичин жилийн өвөл тохиож байна. Монголчууд энэ жилийг хатуу болдог гэж ярьдаг. Түүхэндээ хүнд, хатуу зүйл тохиож байсан. Тэр нь ч юм уу, цаг тооны бичгийн дарааллаар ч тэгж таарсан уу, энэ жилийн өвлийн сар нь дөрөв юм билээ. Монголчууд эхлээд түлээ түлшээ сайтар бэлдчихээд хоолоо бэлддэг.
 
Дараа нь хувцсаа бодох цаг. Монгол хүний хамгийн дээд гоёл хурган дотор юм шүү дээ. Энэ намраас эхлэн бид хурган дотортой, үйтэн хуар гадартай  эрэгтэй, эмэгтэй монгол дээл оёж байна. Гадуур нь булган эмжээртэй кашимер, үйтэн хуаран  хүрэм, малгай хийж байна. Бүсгүйчүүдэд зориулж булган эмжээртэй ууж үйлдвэрлэж байгаа. Жижиг үйлдвэр учраас цөөн тоогоор, их төлөв захиалгаар хийдэг. Массын үйлдвэрлэл боломжгүй, яагаад гэвэл худалдан авалт бага байдаг.
 
-Өнгөрсөн  жилийн “Гоёл” наадмын нээлтийг  танай компани өвлийн  үндэсний хувцсаар эхлүүлсэн. Энэ жил оролцох уу?
 
-Өнгөрсөн жил бид иж бүрэн өвлийн хувцасны үзүүлбэрээр оролцсон. Энэ жил оролцож магадгүй. Наадмын тов одоогоор гараагүй байна.
 
-Та түрүүнд массын үйлдвэрлэл явуулах боломж тааруу байдаг гэлээ. Энд тэнд болсон болоогүй хувцас хийгээд худалдаад  байгаа харагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Тийм зүйлүүд харагдаж л байх юм. Өнгөрсөн жил би “Скай шоп” дэлгүүрт орсон юм. Тэнд ямар ч стандартын шаардлага хангахгүй материалаар хийсэн дээл худалдаалж байсан. Би тэссэнгүй худалдагчид нь “Монголын нүүр царай болсон том дэлгүүрт стандарт, чанарын шаардлага хангахгүй зүйл худалдаж таарахгүй. Ядаж хувцасны мэдлэгтэй хүнээс асууж, шаардлага хангасан бүтээгдэхүүн тавьж байгаачээ.
 
Тэгвэл манай дотоодын үйлдвэрлэлийн нэр хүнд өснө” гэсэн. Худалдагч нь өөдөөс “Надад үндэсний хувцасны ямар ч мэдрэмж байхгүй ээ. Тийм хувцас өмч үзээгүй, ийм л байдаг байх гэж бодсон” гэж байна лээ. Монголын оёдолчдын нэгдсэн холбоо, Ахуй үйлчилгээний холбоо гээд чанар, стандарт талаас хэлж ярих, зөвлөх байгууллагууд бий. Монгол Улсын нүүр царай болсон Улсын их дэлгүүрт худалдан борлуулж буй бүтээгдэхүүнд ч гэсэн чанарын  шаардлага тавих ёстой. Хувь хүмүүс оёж, УИД тэрийг нь 20 хувийн нэмэгдэлтэй худалддаг гэж сонссон. Зарим хүн тэндээс авсан зүйлээ манайд барьж ирээд засуулах, оёулах зүйл их байх юм.
 
Тиймээс бид чанараа сайжруулах хэрэгтэй. Тэгж байж  тэр бүтээгдэхүүнээ өмсөхийг ард түмнээсээ хүсмээр байгаа юм. Оёдол, үйл хийж байгаа хүмүүс маань аль болох чанартай материалаар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хийвэл хямрал гэж ярьж буй хүнд үед улс орондоо, эдийн засагтаа үнэтэй хувь нэмэр оруулах боломж байна.
 
-Үйлдвэрлэгчдийг хамгаалах тогтолцоо манайд байна уу. Өөрсдөө бор зүрхээрээ голдуу зүтгээд байгаа харагддаг шүү дээ?
 
-Манайд цув, пальто, куртик гээд төрөл бүрийн хувцас үйлдвэрлэж байгаа үйлдвэр, компани бий. Тэднийг  төр нь бодлогоор, салбарын яам нь төсөл, хөтөлбөрөөр дэмжиж, хамгаалмаар байгаа юм. Гаднаас брэнд нэртэй манай орны ёс заншил, цаг агаар, эрхэлж буй ажил хөдөлмөрт таарахгүй хувцаснууд авчирч зараад байдаг.
 
Ялангуяа өвлийн цагт шаардлага хангахгүй хувцас маш их байна. Саяхан сошиалаас мэдээ харж суухад манай УИХ-ын гишүүн бүсгүйчүүд БНСУ-д туршлага судлахаар гадны янз бүрийн хувцас өмсч очиж зургаа авахуулаад шүүмжлэлд их өртсөн байсан. Тэгэхээр өөрийн үндэсний үйлдвэрлэлийн монгол хүнд тохирсон  хувцсаа өмсөх  нь зөв юм. Энэ УИХ-д сууж байгаа бүсгүйчүүддээ алга хавсарч байгаад гуйх зүйл бол  монгол бүсгүйчүүд хувцаслах имиж, биеэ авч явах байдлыг та бүхнээс харж үлгэр дууриал авна шүү. Та нар минь өөрийнхөө биед таарсан сайхан монгол хувцсаа өмсөөд Их хуралдаа сууж байгаасай гэх байна. Эх хүнээс бүх зүйл эхэлдэг. Ээж нь сайхан дээл өмсч байвал охид нь өмсдөг шиг Их хурлын гишүүн эмэгтэйчүүд маань үндэсний сайхан хувцсаа өмсч байвал ард түмэнд хүрнэ.
 
Бас бодлогын хэмжээнд П.Сэргэлэн сайдыг анхаарч авч үзээсэй гэж бодож байна. Салбарын сайд өөрөө үндэсний хувцсаа өмсдөг, монгол ёс заншилд ойр байж,  авч явдаг хүн байгаад би үндэсний үзэлтэй хүний хувьд  талархаж байгаа. Ер нь тэгээд Арабын шаахууд үндэсний хувцсаа өмсч манайд ирж болоод байхад манай төрийн түшээд гадагшаа явахдаа монгол дээлээ өмсөөд явж яагаад болохгүй гэж.
 
-Ингэхэд танайх үн­дэсний хувцас үйлд­вэрлэлийн түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?
 
-Мэдээж сайн  бүтээг­дэхүүн үйлдвэрлэхэд түүхий эд, материалын чанар чухал. Манайх жилдээ  Тайланд улсаас багахан хэмжээний даавуу, Энэтхэгээс сари, Солонгосоос  төрөл бүрийн даавуу, Хятадын Ханзу гэдэг  торгоны газраас торго, үйтэн хуар оруулж ирдэг. Үслэг эдлэлийг аль сайн чанартай гэсэн газраас татаж авдаг.
 
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Монголчууддаа, манай уншигчдад хандаж та юу хэлэх вэ?
 
 -Монгол хүн бүр  мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутлаа өмсч цэгцтэй явахад хямралд нэг их  өртөхгүй. Хямрал гэдэг зүйл харин ч засаг, төрийн хэмжээнд болж байна уу л  гэж би боддог. Олон сонгууль, олон намаас хүмүүс залхаж байна. Нэг нь солигдоход олон зүйл солигддог. Нэг нь гараад ирсэн бол, олонх итгэл хүлээлгэсэн тохиолдолд  дээрээ жаахан эвтэй байгаасай.
 
Дээд хүн суудлаа олчихвол, доод хүмүүс гүйдлээ олчих байх. Надад монгол дээл зо­хихгүй гэж боддог хү­мүүс тэр бодлооо тархинаасаа авч хаяад бид дотооддоо,  Монголынхоо оёдолчдын хийсэн хув­цас, бүтээгдэхүүнийг хэрэг­лэвэл хямралаас хамгийн түрүүнд гарна. Нэг дээл авахад нэг хүн хоолтой болно, гутал авбал хоёр хүн хоолтой болно. Ингэж бо­дож ажиллаасай гэж  л чин сэтгэлээсээ хүсч байна даа.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин