sonin.mn
МАНИЛА. /ВВС/. Филиппиний нутаг дэвсгэрийг “Хайма” хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амь эрсэджээ.
 
Энэ хар салхи лхагва гарагт Филиппиний хойд нутгийн Кагаян мужийн нутгаар дайран өнгөрчээ. Хар салхины төвд салхины хурд 225 км/ц байв.
Хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор тус улсад 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Нэг шөнийн дотор их хэмжээний хохирол учирч, олон байшин барилга нурж, цахилгааны шугам тасарчээ.
 
2013 онд тус улсыг дайран өнгөрөхдөө 7350 гаруй хүний аминд хүрсэн “Хайян” хар салхитай адил хэмжээний хохирлыг “Хайма” хар салхи учруулж болзошгүй гэж цаг уурчид анхааруулж байсан юм.
 
Филиппиний нутгаар жилд 20 орчим хүчтэй хар салхи дайран өнгөрч, олон хүний аминд хүрдэг байна.
“Хайма” бол нэг долоо хоногийн хугацаанд тус улсыг дайран өнгөрсөн хоёр дахь хар салхи юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт тус улсыг “Сарика” хар салхи дайран өнгөрсний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ.
 
“Хайма” хар салхи одоо Өмнөд Хятадын тэнгисээр дайран Хонконг болон Хятадын өмнөд нутгийг чиглэн дөхөж байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг