sonin.mn
БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт ажиллаж, салбарын багш, албан хаагчидтай уулзаж, сургууль цэцэрлэг, биеийн тамир, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна.
 
Энэ хүрээнд тэрбээр Улаанбаатар хотын дүүргүүдэд ажиллаж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт ажилласан бол энэ удаад Сүхбаатар дүүрэгт ажиллан тус дүүргийн 45, IV сургууль болон 216, 149 дүгээр цэцэрлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа.
 
Тус дүүргийн хувьд төвийн бүсийг хамардаг бусад дүүргүүдтэй харьцуулахад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ сайн, гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй, хувийн хэвшлийн цэцэрлэгийн үйл ажиллагаа ихтэй зэрэг давуу талтай.
 
Гэхдээ нийслэлийн IV сургуулийн барилгын насжилт өндөр учир дээвэр нь хуучирч, дусаал гоожиж эхэлжээ. Сургуулиасаа жил бүр урсгал засвар хийж, шал тааз, хаалгаа шинэчилдэг ч их засвар хийж чаддаггүй байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг уулзалтын үеэр хэлж байв.
 
Мөн тэрбээр тус дүүргийн салбарын мэргэжилтэн, багш, ажилтан албан хаагчидтай уулзаж,  Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа. Мөн тэдний санал, бодлыг сонсч, асуултад хариулт өгсөн юм. 
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг