sonin.mn
БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, УИХ, Засгийн газраар  шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр идэвхтэй ажиллалаа.
 
 БОАЖЯ-наас эмхлэн байгуулагдсан эхний 100 хоногт хийсэн ажлынхаа заримыг тоймлон хүргэе.
 
 Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн оров  
 
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний үр дагаврыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнууд идэвхтэй хамтран ажиллаж,  2015 оны 12-р сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаар Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад илүү хүчтэй тусч буйн нэг илэрхийлэл нь өнгөрсөн зун Ганга нуур ширгэсэн явдал юм.
 
БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж,  УИХ-ын 2016 оны есдүгээр  сарын 1-ний өдрийн хуралдаанаар батлуулсан. Ингэснээр Монгол Улс Парисын хэлэлцээрт  дэлхийн улс орнуудаас эхний  24 дүгээрт  нэгдсэн орон болов.
 
Энэ аравдугаар  сарын 5 гэхэд АНУ, БНХАУ, Энэтхэг, Европын холбоо зэрэг дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 55-аас дээш хувийг гаргадаг нийт 81 улс орон  нэгдсэнээр  Парисын хэлэлцээр хугацаанаасаа өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэхээр болсон.  Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал  даян дэлхийн хурц асуудал болсныг, нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл нэн чухал болохыг илтгэж байна.  Манай улс Парисын  хэлэлцээрт нэгдэн орсноор уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмуудад хамрагдах боломж бүрдсэн.
 
НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам. доллар хуримтлуулж,, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлэх гэж байна.  БОАЖЯ энэ сантай идэвхтэй хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлсэн. Мөн тус сангаас үзүүлж байгаа бэлэн байдлыг хангах дэмжлэгт бүрэн хамрагдаж Үндэсний хэрэгжүүлэгч нэгжүүдтэй болохоор ажиллаж байна.  Монгол улс  2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон  хүлэмжийн хийн ялгаралтаа 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
 
 Олон улсын  байгууллагыг үүсгэн байгуулна
 
Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн төслийг БОАЖЯ-наас боловсруулан   УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэн  дэмжигдлээ.  
 
Олон улсын Тогтвортой аялал жуулчлал – Ядуурлыг бууруулах байгууллага нь анх “СТ-ЕП сан” нэртэйгээр 2004 онд БНСУ-ын Засгийн газрын санаачилгаар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүрээнд үүсгэн байгуулагдаж, гишүүн орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна.Уг  байгууллагын үндсэн зорилго нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, хөгжиж буй улс оронд ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг багасгах, сайн засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилтийн дэмжлэг авч шийдвэрлүүлэхэд чиглэдэг.
 
Энэхүү байгууллагын гишүүн орноор элсэн орсноор тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад ихээхэн түлхэц болох бөгөөд гишүүнчлэлийн аливаа төлбөр төлөхгүй юм байна. “СТ-ЕП сан”-г олон улсын биеэ даасан олон улсын байгууллагын статустай болох саналыг ДАЖБ-ын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганы үеэр нийт 156 гишүүн орон дэмжжээ.
 
Орхон голын бохирдлыг бууруулав
 
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор  ахлуулсан  УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ, орон нутгийн холбогдох албаныхны хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт 2016 оны 9-р сарын 3-4-ний өдрүүдэд ажиллав. Орхон голын эхэнд алтны шороон ордын олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө байршуулаагүй, усны бохирдлоос хамгаалах далан хаалтыг байгуулаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулж байсан учраас хууль, журам биелүүлэх шаардлага тавьж, үйл ажиллагааг зогсоосон.
 
Улмаар БОАЖЯ, Мэргэжлийн хяналт, орон нутгийнхны хамтарсан  эрчимжүүлсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, хууль, тогтоомжийг биелүүлэх хатуу шаардлага тавьж ажилласан. Ажлын хэсгийн ажлын үр дүнд  аж ахуйн нэгжүүд хаалт далангаа барьж, гол руу цутгах бохир усны хэмжээ багассан. Цаашид тэдгээр аж ахуйн нэгжүүдийг  хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоогоогүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.
 
Ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг хүргүүлэв
 
 Хэнтий аймагт Онон, Балж голын цэвэр усны нөөц, ойн сан бүхий газарт “Айвуун тэс”, “Ю энд Би”, “Гутайн даваа” ХХК гэсэн гурван компани хууль зөрчиж олборлолт явуулж байна гэсэн мэдээллийн дагуу БОАЖЯ-наас  хяналт шалгалт хийсэн. “Ю энд Би” ХХК нь хууль тогтоомж зөрчсөн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байсан учраас ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.
 
Тус компани Ойн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 0.9 га талбайд учирсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг авахаар болсон. БОАЖЯ-ны хувьд хууль тогтоомж зөрчигсдөөс хариуцлага нэхэх эрх зүйн боломж байдаггүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д зааснаар байгаль орчны хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага тавьдаг. Яам зөвхөн хууль тогтоомж зөрчиж буй тухайн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлдэг. Түүнчлэн ашигт малтмалын хайгуул 
 
ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон  газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдгээрийг чадавхижуулах чиглэлээр БОАЖЯ-наас тодорхой үүрэг даалгавар бүхий албан тоотыг УМБГ, ЭЦГ, МХЕГ, аймгуудын БОАЖГ-уудад хүргүүлэв.
 
Ганга нуураа аврахаар ажиллав
 
Ганга нуур ширгэж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замыг нарийвчлан тодорхойлох зорилгоор БОАЖЯ-аас томилогдсон ажлын хэсэг, орон нутгийн харьяа байгууллагуудын төлөөлөлтэй газар дээр нь ажиллаж нуурын ус уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт, малын тоо толгой олширсны улмаас ширгэснийг тогтоосон.  Иймээс  нуурын усны тэжээгдэх эх үүсвэрийг сэргээн, ширгэлтийг багасгах, зогсоох арга хэмжээг авахаар БОАЖЯ-ны ажлын хэсэг  санал боловсруулан тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.
 
Эхний ээлжинд Ганга нуур, түүнийг тэжээдэг булгийг хашаажуулах, орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулалтын зориулалттай гүний худаг гаргах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулаад ажиллаж байна. Тодорхой арга хэмжээ авсны үр дүнд болон тухайн бүс нутагт орсон борооны  ачаар  есдүгээр сарын сүүлч гэхэд Ганга нуурын ус сэргээд байна. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/58  тоот тушаалаар нуурын усны балансын судалгаа хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
 
Хөрсний бохирдолтой тэмцлээ
 
Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь  нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.Иймээс БОАЖЯ-наас  Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудад төслийн санал  хүргүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авч байна.
 
2017-2020 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар  Улаанбаатар хотын гэр хорооллын 8000 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилын санд асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороонд  экологид ээлтэй ариун цэврийн байгууламж суурилуулах юм. 
 
Хатан Туулаа хамгаалж ажиллав
 
“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы  хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, аж ахуйн нэгжүүд хамтран, зарим их, дээд сургуулийн оюутнуудын хүч,оролцоотойгоор өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд  Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.
 
Туул голын эрэг рүү машинтай орж олон салаа зам үүсгэн талхлах, хог хаягдал хаяж бохирдуулахаас гадна хүйтний улиралд харзанд орох, зуны улиралд усанд орох үеэр хүний амь нас эрсдэх тохиолдлууд нэлээд гарсаар байна. Иймд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан Туул голын хамгаалалтын бүс дагуу Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн талаарх танилцуулга бүхий 300 ширхэг самбар, голын эрэг рүү машинтай орохыг хориглосон 10 ширхэг самбар, үер усны болзошгүй аюулаас сэргийлсэн зургаан самбарыг Туул голын эрэг дагуу байрлууллаа.  
 
Өнгөрсөн урин дулааны улиралд  Туул голын дагуу дөрвөн  удаагийн эргүүл шалгалтыг хийж, нийт 200 гаруй иргэдэд голын усанд машин угаахгүй байх, хог хаяхгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулж, хууль сурталчилж ажиллалаа.  Туул голыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний талаарх  шийдвэрүүдийг цаашид хэрэгжүүлэх талаар БОАЖЯ-наас ХХААХҮЯ,  мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн ЗДТГ-тай  хамтран ажиллаж байна.   
 
Ус бохирдуулагчаас төлбөр авдаг болно
 
2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, журам,  жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын  хуралдаанаар  хэлэлцүүлэхэд бэлэн болов.
 
Засгийн газраас төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хаягдал усны төлбөрийг тооцох журмыг гаргах юм.  Хаягдал усаа цэвэршүүлж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд  тодорхой хуримтлал үүснэ.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрт 2013 онд 39.1 тэрбум, 2014 онд 34.5 тэрбум, 2015 онд 42.9 тэрбум дүнгээр төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан байна.
 
2016 оны төсөөллөөр 38.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр байна. Иймд энэхүү хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, судлан шинжлэх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд усны эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах усан сан, хөв цөөрөм байгуулж, усны  нөөцийг нэмэгдүүлэх зарчмыг БОАЖЯ-наас барьж ажиллаж байна.
 
 Нүүдлийн аялал жуулчлалд Монгол Улс манлайлна
 
 НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/,БОАЖЯ, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо олон улсын төрийн бус байгууллага, нийслэлийн ЗДТГ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг  10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
 
Хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ–ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд оролцлоо.  Монгол Улс  НҮБ-ын ДАЖБ-ын дэмжлэгээр  Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бий болгож, энэ чиглэлд манлайлагч байх алхмыг энэхүү хурлаар тавилаа. Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд  заасан  “Монгол Улс нь нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам ч энэ хурлаар тавигдлаа.
 
Хурлын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифай тэргүүтэй олон улсын байгууллага, улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид,ТББ, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 10 гаруй албан уулзалтыг хийсэн бөгөөд энэ хэрээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гадаад харилцаа идэвхжлээ.
 
ДАЖБ-ын зүгээс аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд тусалж,  сургалт  зохион байгуулах, нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бий болгоход манай улсад туслах, Монгол Улсын  Үүд хот болсон Улаанбаатарт аялал жуулчлалын цогц төв байгуулахад тусалж дэмжихээр боллоо. БОАЖЯ-наас аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай эхлүүлээд ажиллаж байна.
 
 Ногоон модоо хамгаалах, ургуулах чиглэлээрх цогц бодлого
 
 Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болсон ногоон модоо хамгаалах,тарих, ургуулах  чиглэлээр БОАЖЯ цогц бодлого хэрэгжүүлж байна. Сүүлийн 5 жилийн дүнгээр ойгоор бүрхэгдсэн талбай 864.5 мянган га-гаар багасч, ойрхог чанар 7.8 хувь болж 0,56 хувиар  буурсан нь ойн түймэр, хөнөөлт шавьжны олшрол, хууль бус мод бэлтгэлтэй холбоотой.
 
Ойг зүй зохистой ашиглах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр есдүгээр  сарын 28, 29-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд зохион байгуулав. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг хашаандаа мод тарихад уриалж, тэднийг дэмжих ажлыг БОАЖЯ-наас санаачлан эхлүүллээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдэд “Хашаандаа мод тарьж ургуулах нь” сургалтыг  зохион байгуулав.
 
Сургалтаар мод тарих аргачлал, усалгаа арчилгаа гэх зэрэг олон сэдвээр иргэдэд зөвлөгөө аргачлалыг зааж, тарьц  суулгацаар хангаж ажиллав. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх багаж хэрэгсэл хуваарилах тухай БОАЖ-ын Сайдын 2016 оны А/19 тоот тушаалаар Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудын түймрийн эрсдэлийн бүсэд байрлах Сум дундын ойн анги, аймгуудын БОАЖГ болон зарим УТХГХЗ-дад түймрээс хамгаалах, тэмцэх зориулалтын 3 нэр төрлийн нийт 260 гаруй багаж хэрэгслийг олгов.
 
БОАЖЯ Ахмадын зөвлөх үйлчилгээтэй болов
 
БОАЖ-ын сайдын есдүгээр сарын 19-ний өдрийн А/51 тоот тушаалаар яамны дэргэд Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгов. Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болсноор байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх эрх зүй, эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ногоон хөгжил, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ахмадуудыг өргөнөөр оролцуулах боломжтой болж байгаа юм.
 
Ахмадууд яамны албан хаагчдад ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх боломжийг ч мөн олгож, энэ асуудлаар БОАЖЯ-ны Ахмадын хороотой гэрээ байгуулж ажиллахыг дээрх тушаалд тусгаад байна. Мөн БОАЖ-ын салбарын ахмадуудын ном, бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх, түгээхэд дэмжиж тусалж ажиллахаар боллоо .
 
472.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
 
БОАЖЯ-ны  харьяа 21сав газрын захиргаад орон нутгийнхаа томоохон голын эрэг, булаг шандын ойр орчмыг Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран  цэвэрлэв.  Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд 15654 хүн, 442 байгууллага оролцож, 472.7 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
 
Мөн УИХ-аас 2016 онд баталсан Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Аюултайхогхаягдлыгцуглуулах,тээвэрлэх,дахин боловсруулах,устгах, экспортлохүйлажиллагааэрхлэхажахуйннэгж, байгууллагадзөвшөөрөлолгох журам”, “Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл” зэрэг журмуудыг боловсруулан батлуулахад бэлэн болгоод байна.
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээг тэлэх бэлтгэл ажлыг хангав
 
 Улсын тусгай хамгаалалтад авах 9 аймгийн 29 сумын 3,8 сая  га талбайг хамарсан  нийт 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авч сүлжээг өргөтгөхөөр  бэлтгэл ажлыг хангалаа. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар тусгай хамгаалалттай  нийт газар нутгийн  талбайн хэмжээ 32.2 сая  га-д хүрч,  Монгол Улсын нийт газар нутгийн 20.5 хувийг  эзлэх юм.  
 
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, үзэл баримтлалыг батлуулахаар ажиллаж байна. Мөн  2016 онд хамгаалалтад авсан Ноён уул, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж батлуулах, АНУ зэрэг гадаад орны хамгаалалттай газар, үндэсний парктай хамтын ажиллагааг өргөжүүлж, менежментийн шинэ арга барил эзэмших ажлуудыг хийж байна.
 
Самар түүж бэлтгэх зөвшөөрлийн  хугацааг наашлууллаа
 
Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас  холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн  хуш модны  самрыг  9дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын   тушаал гаран хэрэгжиж байна. Самар түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацааг наашлуулснаар эдийн засаг хямарсан нөхцөлд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогын эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр  нэмэгдүүлэх боломж олголоо.
 
Ногоон хөгжлийг мэдлэг түгээв
 
БОАЖЯ-ны зүгээс энэ онд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, суурь зарчмуудыг таниулах, мэдлэг олгох чиглэлээр нэлээд эрчимтэй ажиллаж байна.
 
Тухайлбал, 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд, бусад төрийн байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн оролцуулж нийт 63 удаа, 1520 гаруй хүнийг хамарсан сургалт, семинарыг зохион байгууллаа. Үүнээс 800 гаруй хүнийг хамарсан сургалтыг Засгийн газрын 100 хоногийн хугацаанд  зохион байгуулаад байна.
 
 Мөн БОАЖЯ, Тогтвортой хөгжлийн төсөл  хамтран Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форумыг  зохион байгууллаа.  БОАЖЯ-наас үйлдвэрлэл, бизнесийг байгальд ээлтэй ногоон хөгжил рүү шилжүүлэх бодлого, хууль тогтоомж боловсруулж батлуулахын зэрэгцээ практик үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
 
Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, ногоон зээлийн сан, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргийг бий болгох, ногоон хөгжлийн мэдлэг боловсрол олгох, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслийн санал боловсруулж Уур амьсгалын ногоон санд хандах зэрэг ажлыг холбогдох яамд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.