sonin.mn
Монгол, БНКазУ-ын хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид өнөөдөр болсон “Монгол, Казахстаны анхдугаар эдийн засгийн форум”-ын үеэр онцлов.
 
Уг форумыг МҮХАҮТ болон БНКазУ-ын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран зохион байгууллаа. Форумд Монголын 89, БНКазУ-ын 19 аж ахуйн нэгж оролцож, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцоо.
 
Монгол, Казахстан хооронд жилд 55 сая ам.долларын худалдаа хийдэг байна. Тухайлбал, Манай Улс Казахстанаас техник, тоног төхөөрөмж, тамхи, хүнсний бүтээгдэхүүн импортолдог байна. Харин Монголоос адуу, хонь, ямааны мах гаргадаг аж. Гэхдээ Монголын талаас гаргадаг бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ бага тул гадаад худалдааны тэнцэл алдагдаж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш онцлов.
 
Тэрбээр, “БНКазУ-ын зүгээс онгоц, эм үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Бид энэхүү саналыг нарийн судалж, хамтран ажиллах боломжийг судлах болно.
 
Хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд тулгамдаж буй гол асуудал бол дэд бүтэц. Өөрөөр хэлбэл, БНКазУ-аас бараа бүтээгдэхүүн импортлоход ОХУ-ын Новосибирск эсхүл БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамждаг. Ингэснээр тээвэрлэлтийн зардал өсч, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусдаг. Тиймээс нэн тэргүүнд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авахад хялбар болно. Түүнчлэн Казахстан нь Евро-Азийн холбооны гишүүн. Энэ холбооны гишүүд гаалийн тариф, татварын нэгдсэн бодлоготой байдаг. Тиймээс манай улс ч энэ холбооны дүрмээр ажиллах хэрэгтэй” гэлээ.
 
БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Калыбек Ибрагимович Кобландин“Тун удахгүй Монгол, БНКазУ-ын Засгийн газар хоорондыг хэлэлцээрийг Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаар өнөөдрийн форумын үр дүнг танилцуулна. Эдийн засгийн форум бол хамтын ажиллагааны эхний алхам. Тиймээс цаашид аль салбарт, хэрхэн хамтран ажиллах нь тодорхойгүй байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дараа бүх зүйл тодорхой болно.
 
Худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхам хийж байна. Тухайлбал,  Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлддэг болохоор ярилцаж байгаа. Шууд нислэг үйлдэж эхэлснээр бараа бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэх боломж бүрдэхээс гадна иргэд харилцан зорчих, аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд томооохон түлхэц үзүүлнэ. Монгол, Казахстан улс хил, гаалийн тариф, татварын асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
 
Дараагийн эдийн засгийн форумыг ирэх жил Астана хотноо болох “Экспо 2017” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Казахстан нь Монголтой адил цаг агаартай тул тус улсад ноос, ноолууран бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг аж. Тиймээс “Экспо 2017”-ын үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүн болон Монголын түүх, ёс заншлийг харуулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг