sonin.mn
МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ намрын сүүлийн зочноор СГЗ, шог зураач С. Цогтбаяр уригдаж, Олон улсын бизнес, эдийн засгийн дээд сургуулийн оюутан залуустай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
 
Тэрбээр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж "Үнэн", "Тоншуул" со­ниноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 7 дугаар ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулж, рок, поп, соёл урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлч юм. Тэрбээр оюутнуудтай залуу насны мөрөөдөл, хүсэл сонирхол хобби, зөв хандлага, өчигдөр ба өнөөдрийн боломжийн ялгаа, хайр дурлал гээд бүхий л сэдвээр ярилцсан юм.
 
Мөн тэрбээр “Хүн хоорондын харилцаа, бусдад өөрийгөө илэрхийлж сурна гэдэг математикийн томъёоноос илүү амьдралд хэрэг болох зүйл” гэдгийг онцлоод “Олон улс, эдийн засаг, бизнесийн ухаанд суралцахын зэрэгцээ зөв хандлагын ухаанд суралцах хэрэгтэй” хэмээн захив.
 
Эргэн сануулахад, тус цуврал лекцийн энэ намрын зочноор "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга, “International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай,  “Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б.Отгонбат нар оролцсон юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг