sonin.mn
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас Баярын хурал зохион байгуулав.
 
1940 онд Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Паспортын хэлтэс байгуулж, иргэдэд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх олгож эхэлсэн нь өнөөгийн ОӨУБЕГ-ын эхлэл байв. 76 жилийн тэртээ үндэс сууриа тавьсан тус байгууллага эдүгээ иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн болон оюуны өмчийн бүртгэл хийдэг болж, өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү Баярын хурлын нээлтийн үеэр онцлов.
 
Тэрбээр, “Бүртгэлийн байгууллагыг зөвхөн иргэний эсхүл хуулийн этгээдийн нэрсийг бүртгэдэг гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Энгийнээр хэлэхэд иргэд өөрийн эзэмшлийн газраа банканд барьцаалж, мөнгө авдаг. Тэгвэл иргэд манай байгууллагад бүртгүүлж, иргэний үнэмлэх авч, улмаар газартай болсноор банкнаас зээл авах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр бүртгэлийн байгууллага бол иргэдэд үйлчилдэг хамгийн чухал газар гэж болно. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагын ой бол Монголын бүх ард түмний баяр юм.
 
2016 он тун ачаалалтай өнгөрлөө. ОӨУБЕГ-ын 1300 алба хаагч УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын жагсаалт гаргах, хэсгийн хороодыг тоног төхөөрөмжөөр хангах зэргээр Сонгуулийн хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн. Мөн 21 аймаг, 9 дүүргийн бүртгэлийн байгууллагыг холбосон цахим сүлжээг боловсронгуй болгох чиглэлд олон чухал алхам хийсэн.
 
Ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлхэд анхаарч хууль, эрхзүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулсан. Цаашдаа мэдээллийн сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ чиглэлээр гадны орнуудаас туршлага судлах уулзалт, хамтран ажиллах хэлэлцээр хийж эхэлсэн хэмээв.
 
Баярын хуралд нийслэл, дүүргийн 300 гаруй алба хаагч оролцов. Мөн ОӨУБЕГ-т шинээр ажилд орсон 6 иргэн Төрийн албан хаагчийн тангараг өргөв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг