sonin.mn
Түүхч, зохиолч Маналжавын Тогмидтой ярилцлаа. Түүхийн хар, цагааныг архивын баримт материалд  түлгуурлан гаргаж, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх нь судлаачдын үндсэн үүрэг байдаг. Тийм нэг сонирхолтой цаг үеийн талаар бид хөөрөлдсөн юм.
 
-Шинэ Монгол Улсын түүхэнд бараан сүүдэр тусгаж, хараар тэмдэглэгдсэн он цаг бол яах аргагүй 1930-1940 оны их хэлмэгдүүлэлтийн үе байх. Үүнийг одоогийн өндөрлөгөөс түүхч, судлаачид хэрхэн үнэлж цэгнэж байдаг юм бол?
 
-Үүнийг гаргаж ирэхийн тулд түүхийн жимээр багахан урагшилж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс эхлэн сурвалжлах ёстой юм. Эндээс 1921 оны Ардын хувьсгал хүртэлх 10 жилийн хугацаанд тусгаар тогтнол, хөгжлийн стратегийн талаарх үзэл бодлын зөрчилдөөн нь томоохон нөлөө бүхий хүмүүсийн дунд хагарал үүсгэсэн байдаг. Түүнээс улбаалан Цэцэн хан зэрэг боловсролтой сэхээтнүүдийг устгасан байна.
 
Хамгийн сүүлд Ардын хувьсгалын дараа Д.Сүхбаатарын амь насыг хороожээ. Үүнээс цааш өргөн хүрээг хамарч, олон нийтийг айдас хүйдэст автуулсан нь их хэлмэгдүүлэлтийн үе байсан гэх боловч үнэндээ энэ нь тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үргэлжлэл байсан юм. Тийм ч учраас тухайн үед хэлмэгдэж, амь насаараа хохирсон хүмүүс, тэдний ар гэрийнхнийг бид хүндэтгэх учиртай. Нөгөө талаар Монгол Улсын төр засгийн тухайн үеийн бодлогыг ойлгох шаардлага байна.
 
Манай улсын тусгаар тоггнол, бие даасан байдал 1911-1961 он хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, НҮБ-д элсэх хүртэл гэсэн үг. Үүний 40 жилд нь цус урсч, 120 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж тооцдог. Гэхдээ эцсийн бүлэгт Монголын төр ялсан түүхтэй.
 
-Та ямар ялалтын тухай ярьж байна вэ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үү, Ардын хувьсгал уу?
 
-Тусгаар тогтнолын төлөө тэмцэл 1911 онд эхэлсэн ч эцсийн төгс төгөлдөр ялалт нь 1921 оны Ардын хувьсгалаар баталгаажсан юм. Тухайн үеийн ихэс дээдэс бас ихээхэн ухаан зарж, хятадын гамин цэргийг Барон Унгернээр хөөлгөөд дараа нь Оросын улаан армиар тэднийг даруулсан байдаг. Буриад гаралтай Лувсанцэвээн (Цэвээн тэргүүн гэж түүхэнд тэмдэглэгдсэн) явж Барон Унгернийг оруулж ирсэн гэдэг.
 
Ардын хувьсгал ялсны дараа дотооддоо хөгжлийн үзэл баримтлал, хэнийг түших, дагахаас эхлээд бодлогын зөрчилдөөн дээд удирдлагын төвшинд үүссэнээс хэлмэгдүүлэлт болсон гэж үздэг. Анхны долоогийн зарим нь (Бодоо, Чагдаржав нар) Тангаргын гэрээгээ зөрчиж, үндсэндээ урвасан. Улмаар Зөвлөлт Оросыг бус бусад хөрөнгөтөн оронтой ойртож нөхөрлөнө, харилцаа холбоо тогтооно гэдгээс үүдэж хагарал гарчээ. Иймээс тэднийг үг дуугүй хороосон байдаг. Ингээд нэг хэсэг нам жим болсон ч цаагуураа ангийн зөрчил тэмцэл улам хурцадсаар гэнэт тэсэрч гарсан нь 1932 оны Тариатын бослого үймээнээр илрэлээ олсон байна.
 
Одоогийн “Исламын улс” бүлэглэл шиг маш харгис үйл явдал тэнд өрнөсөн. Олон арван хүнийг амьдаар нь зүрхийг нь сугалж туг тахих, сургууль, хоршоо дэлгүүр, эмнэлгийг галдан шатаах, боловсон хүчнийг нь устгах зэргээр онц хэрцгий үйлдэл хийсэн байдаг. Хувьсгалын эсэргүү хөдөлгөөнд том лам, мяндагтнуудаас гадна хоршоо, банкинд өр ширтэй хар феодалууд зэрэг болох болохгүй улс нэгдэж томоохон хүчин бүрэлдсэн байж. Тэдний ятгалга, дарамт дор олон мянган айл өрх, жирийн ирээд хил давж оргон зайлсан түүхтэй. Гэхдээ тэдний цөөнгүй хэсэг нь буцаж ирсэн юм билээ.
 
Нэг гунигтай түүх байдаг. Яг тэр үед эх орноосоо дүрвэж явсан айлын нэг хөгшин бурхан болчихож. Хилийн дээс алхчихсан юм хойно Өвөрмонголын нутагт талийгаачаа нутаглуулах гэсэн чинь, “Манай нутагт гаднын хүнийг тавих зай байхгүй” гээд хөөж туугаад бөөн юм болж л дээ. Тэгэхэд л "Ар халхын нутагтаа уужим амьсгалж, бурхан болоочоо дуртай газартаа хөдөөлүүлдэг, бид азтай улс юм байна" гээд буцаж ирсэн гэдэг. Эх орон, газар шороо гэдэг ийм л сайхан байдаг.
 
-Тэгэлгүй яахав ээ. Таны дүгнэлт их хэлмэгдүүлэлтийн үеийг нэг л эергээр тайлбарлах гээд байна уу даа?
 
-Яаж ойлгох нь хувь хүний хэрэг. Ямартай ч төр, засгийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж, төрийн бодлогын эсрэг босч, засгийг унагахын төлөө тэмцэж байсан тэдгээр хүмүүсийг урвагч гэж хэлэхээс аргагүй. Ванчин богд нартай үгсэн хуйвалдсан Чүлтэм Да лам болон өмнө зүгт төрийн алба хааж байсан албан тушаалтан, цэргийн дарга зэрэг нөлөө бүхий хүмүүс үүнд оролцсон нь түүхийн баримтаар нотлогдож байгаа юм. Тэднийг хөдөө хээр юм уу хотын гудамжаар зүгээр л явж байхад нь барьж аваачаад хороочихсон хэрэг биш шүү. 
 
Тэдний далдуур нууц ажиллагааны уршгаар хил хязгаар ч тайван биш болж, хилийн халдлага будлиан байнга гарч байжээ. Энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүн ардын сэтгэл санаа тогтворгүй болж байсан байх юм. Ганцхан жишээ хэлэхэд, 1947 онд МАХН-ын Төв хороо (хуучин нэрээр)-нь гишүүн Д.Моломжамц хил хязгаарын цэрэг дайчдад хангалт хийх, хоол хүнс залгуулах мөнгө хөрөнгөгүй болсон тухай мэдээлэл өгч байсныг би архивын материалаас харсан.
 
Тухайн оны наймдугаар сард урд хилийн алба хаагч дайчид хөдсөн дээлтэй, хоол хүнсний маш бага хангамжгай ч хилээ байнга манаж зогссон байдаг. Одоо харах нь ээ, хоол цайгүй ч хилээ манаж явсан эр цэрэг, хөдөлгөөн эсэргүүцэлд хамрагдаж байсан лам, хар хүмүүсийн санаанд ганц эх орноо гэсэн үзэл бодол л байж дээ гэж бодогдоод байгаа юм.
 
Тухайн үед эсэргүү гэгдэж, баривчлагдан байцаагдаж байсан хүмүүсээс “Чи хувьсгалын эсэргүү ямар бүлэгт байдаг вэ. Ванчин Богдтой холбогдож, Японтой харилцаж байсан чинь үнэн үү” гэсэн ийм л агуулгаар байцаалт авч, эрүү шүүлт тулгадаг байж. Үүнээс харахад “эсэргүү нарыг устгаж цэвэрлэх их хэлмэгдүүлэлт'’ нь тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, засгийн бодлого байжээ гэж бодогдоод байгаа юм.
 
Ингэж ч ойлгож, бичиж, түүхийг шинэ өнцгөөс зөв зүйтэй тайлбарламаар санагддаг. Тухайлбал, энэ үед хилсээр шийтгэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь "Миний аав ээж, төрөл төрөгсөд хэлмэгдсэн” гэж ярихаасаа илүүтэй "Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амь эрсэдсэн” гэж ярьж хэлж, бичиж байвал зохилтой. Цагаатгах ажлыг зохион байгуулах Үндэсний комисс ч тухайн хүний ял зэмийг залруулж, цагаатгахдаа ингэж бичдэг, тайлбарладаг болох нь зөв гэж бодож байгаа юм.
 
Бас нэг сонин юм ярихад, 1936 онд Зөвлөлт-Монголын хооронд харилцан туслалцах гэрээг байгуулсны дараа бидний нэрлэдэг "их хэлмэгдүүлэлт” эхэлсэн байгаа юм. Энэ нь тухайн үеийн Зөвлөлт засгийн удирдлагын заавраар хийсэн ажил боловч нөгөө талаар манай улс руу япончууд дайрах нь тодорхой болчихсон үед дотоодын дайснаа “дарж” авсан зөв ажил байсан байх. Үүнд тухайн үеийн томоохон гүрнүүд, тэдний удирдагч нар ч ач холбогдол өгч оролцсон байдаг. 
 
Тухайлбал, Оросын удирдагч И.В.Сталин, Хятадын төрийн тэргүүн Чан Кай Ши нарын дэлхийн хоёр том гүрний толгойлогч, генерал-лиссмиус (цэргийн дээд цол)-үүд санаа тавьж, харилцан ярилцаж байсан гээд бод л доо. Харамсалтай нь, манайд энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, үнэлэлт өгсөн юм уу базаж тоймлосон зүйл хараахан алга.
 
-Дэлхийн II дайны дараа болсон Крымийн уулзалтаар манай улсын тусгаар тогтнолын тухай асуудал яригдахад И.В.Сталин чухал байр суурь илэрхийлсэн гэдэг байх аа?
 
 -1945 оны хоёрдугаар сарын дундуур Крымд Английн Ерөнхий сайд Черчилл, АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт, Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин нар уулзсан байдаг. Энд Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаар томоохон яриа хэлцэл болж, АНУ, Английн удирдагч нар зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
 
Үүнийг он цагийн ололт амжилт, бидний хувьд ихээхэн азтай явдал болсон гэж үзэхэд хилсдэхгүй. Учир нь, Черчилл энэ яриа хэлэлцээрийн дараа улс төрийн алдаатай бодлого явуулсан гэх шалтгаанаар суудлаасаа огцорч, монголчуудын талаар ямар ч ойлголтгүй Вильсон гэж нөхөр гарч ирсэн байдаг. АНУ-д Рузвельт сонгуулиар “арчигдаж”, нас барсны дараа Трумэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр Орос буюу социалист системийг үзэн ядагч нэгэн байж. Юутай ч тэднээс өмнө тийнхүү тусгаар тогтнолоо баталгаажуулаад авсан нь бидний хувьд азтай явдал байсан юм.
 
-Тийм болохоор та дэлхийн энэ том гурван удирдагчийн хөшөөг бүтээх гээд яваад байдаг байх нь. Тийм үү?
 
-Тэгж ойлгож болно. Энэ гурван их удирдагчийн Крымд авахуулсан зураг байдаг шүү дээ. Түүнээс санаа авч хөшөөг нь босгохоор уран барималч Ойдов бид хэд тохиролцоод хөөцөлдөж байна. БСШУЯ (хуучин нэрээр)-наас асууж сураглахад, тухайн улс орны Элчин сайдын яамнаас нь зөвшөөрөл авах ёстой гэдгийг хэлсэн. Өнгөрсөн жил энэ үйл явдлын түүхэн тэгш ой тохиосон ч нэг их ач холбогдол өгөлгүй тэсгээд өнгөрчихлөө. Гэсэн ч бид энэ санаанаасаа буцахгүй, ажил хэрэг болгохын төлөө тууштай явах болно.
 
-Монголын тусгаар тогтнолын төлөө томоохон үйлс бүтээсэн хүмүүсийг алдаршуулж өнгөрсөн түүхээ сануулж байхад илүүдэхгүй. Та манай улсыг НҮБ-д элсүүлэхэд хүндтэй үүргийг гүйцэтгэсэн Д.Цэвэгмид гуайтай ойр ажиллаж байсан гэсэн. Энэ талаар “амьд архив”-ын яриа хуучаас хуваалцвал сонин сайхан байх болов уу?
 
-Би Дээд боловсролын улсын хороонд (хуучин нэрээр) цөөнгүй жил ажиллахдаа Д.Цэвэгмид гуайн удирдлага дор байлаа. Сонирхолтой түүх намтар, үйл явдлын талаар яриулж, сонсч л явсан. Манайхыг НҮБ-д элсүүлэхэд Оросын суурин төлөөлөгч В.Зорин гэдэг хүн ихээхэн зүтгэл, хүчин чармайлт гаргасан гэдэг юм.
 
АНУ, Хятад мэтийн их гүрнүүд Монгол Улсыг элсүүлэхэд саад тотгор тавьж, ямарваа байдлаар хойшлуулж чаддаг л байсан гэж байгаа.Ямар сайндаа 1958 онд хэд хэдэн улс орныг элсүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд үсгийн дарааллаар нь жагсаана гээд манай өмнүүр Мадгаскар ч билүү Малдив ч гэл үү нэг улсыг оруулаад Монголыг хасч байсан гэдэг. Харин 1961 онд бас л санаандгүй байдлаар манай улсын нэрийг дэвшүүлэхэд өнөөх В.Зорин нарын хүчин чармайлтаар НҮБ-ын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлж элсүүлсэн гэдэг. Тийм болохор Ю.Цэдэнбал дарга хожим нь тэнд очсон юм билээ. Харин Монгол Улсаа төлөөлж очсон дөрвөн хүний дотор буриад, урианхай, халх үндэстэн ястан багтсан нь сонирхож судлууштай л санагддаг.
 
-Таны тайлбарлаж байгаагаар үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хүмүүс амиа золиосолсон гэлээ. Түүний дараа нэг намын дарангуйлал дор олон зуун хүнийг үзэл бодлоор нь хэлмэгдүүлсэн гэж үздэг. Үүнийг та юу гэх вэ?
 
-Нам, төрийн дархлаа болон түүний хамгаалалт гэж хэлж болно. Ийм нөхцөлд ёстой төр төмөр нүүрээ харуулахаас аргагүй. Нэгэн үеийн нам, төрийн зүтгэлтэн Нямбуу, Лоохууз, Сурмаажав нар тухайн цаг үеийнхээ бодлогыг сөрж, Зөвлөлтийн эсрэг үзлийг хөөрөгдсөн учраас л баригдаж хоригдсон. 
 
Тэр байтугай Лоохуузын Хятад руу бичсэн захидал Өвөрмонголд хэвлэгдсэн шүү дээ. Үүнээс гадна МАХН-ын II бүгд хурлыг хуралдуулах гэж байхад аль эрт өөрсдөдөө албан тушаалаа хуваарилчихсан байсан гэдэг юм. Хурлын зохион байгуулалтыг хийж, үг хэлэх дараалал, агуулгыг нь ч бэлдчихсэн байж. 
 
Одоогийнхоор бол дотоод дахь хөгжлийн стратеги дээр байр суурь зөрөлдсөн байгаа юм. Тэд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн удирдлагыг шүүмжилж, гадаад харилцааг өргөжүүлэх санал санаачилга гаргаж тавьсан байна. 
 
Уг нь тухайн үед ЗХУ-д нэг ямааг 1.30 төгрөгөөр гаргаж байсан гээд ярих асуудал их байж л дээ. Гэвч тэд дэндүү огцом зан гаргаж, түргэдсэн байх. Үүнийг нь хашир туршлагатай, ахмад зүтгэлтэн Ж.Самбуу гуай тухайн үед нь эвтэйхэн шийдээд намжаасан ч дараа нь тэднийг ийш тийш нь нутаг зааж “цөлсөн" байдаг. Түүхч, судлаач хүн түүхийн аливаа үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нийгэм, эдийн засаг, улс орны хөгжлийн бүхий л явцтай уялдуулж бодит судалгаа шинжилгээний үндсэн дээр дүгнэлт, үнэлэлт өгөх учиртай юм. Тэгэхээр Монголын шинэ үеийн түүхийн нэгэн цаг хугацааны тухайд би ийм л бодол саналтай явдаг хүн.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж:“Монголын үнэн” сонин