sonin.mn
ВАШИНГТОН. /Dawn/. Дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөн газар авч байгаатай холбоотойгоор газрын мина болон бусад ижил төрлийн тэсрэх бөмбөгөнд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд асар ихээр нэмэгджээ.
 
Ливи, Сири, Украин, Йемен зэрэг орнуудад дэгдсэн мөргөлдөөний улмаас тэсрэх бөмбөгнөөс болж амиа алдсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байна гэж “Газрын миныг хориглохын төлөөх олон улсын ажиллагаа” төрийн бус байгууллагуудын эвсэл мэдэгдсэн байна.
 
Тус эвсэл энэ онд гаргасан тайландаа, мина болон сайжруулсан тэсрэх төхөөрөмж,  тэсрэх бөмбөгөнд өртөн амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо 2015 онд 6461 болж өссөн байна гэж дурджээ. Тэднээс 1672 нь амь насаа алдсан нь 2014 оныхоос 75 хувиар өссөн тоо юм.
 
“Газрын мина, дэлбэрээгүй бөмбөг зэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо сүүлийн 10 жилд урьд өмнө байгаагүйгээр өссөн бөгөөд цаашид энгийн иргэд олноороо ийм аюулд өртөх эрсдэл байна. Хохирогчдын гуравны нэг нь хүүхэд байгаа нь ийм төрлийн зэвсгийг хэзээ ч дахин ашиглах ёсгүй гэдгийг нотлон харуулж байна” гэж “Landmine Monitor” тайланг эмхтгэсэн Лорен Перси мэдэгдэв.
 
2015 онд Афганистанд ийм төрлийн зэвсэгт өртөн 1310 хүн шархдаж, амиа алдсан нь хамгийн их тоо юм. 2014 онд тус улсад ийм тооны хүн шархдаж, амиа алдаж байжээ.
 
Харин Ливид 1001 хүн тэсрэх бөмбөгний улмаас хохирсон бол Йеменд 988 хүн, Сирид 964 хүн, Украинд 589 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гэсэн хэдий ч газрын миныг хориглох гэрээнд нэгдсэн ихэнх орнууд мина ашиглах нь тун ховор байгааг тайланд онцолсон байна.
Өнгөрсөн онд Мьянмар, Умард Солонгос, Сирийн Засгийн газрын цэргүүд газарт мина булах ажиллагааг явуулжээ. Эдгээр орнууд 1999 онд Мина хориглох гэрээнд гарын үсэг зурсан юм.
 
Өнгөрсөн онд Афганистан, Колумб, Ирак, Ливи, Мьянмар, Пакистан, Сири, Украин, Йемен, Нигери дэх зэвсэгт бүлэглэлүүд газрын мина ашигласан байна гэж тайланд дурджээ.
 
Тэсрэх бөмбөгнөөс болж амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн сацуу ийм төрлийн зэвсгийг устгахад зориулан гаргаж буй хөрөнгийн хэмжээ багассаар байна. Жишээ нь, 2015 онд 35 донор орон тэсрэх бөмбөг устгах олон улсын ажиллагаанд зориулж 41 оронд 340 сая доллар олгосон нь 2014 оныхоос 77 сая доллароор буурсан үзүүлэлт юм.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг