sonin.mn
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, зохион бүтээгчдийн туурвисан шилдэг бүтээлүүд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж буйг “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнгийн үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь онцлов.
 
Шинжлэх ухааны салбарын шинэ технологи, бүтээл, загварыг олонд дэлгэдэг тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Үзэсгэлэнг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах, түүний эхлэл болсон гарааны компанийг байгуулж ажиллах эрх зүйн орчинг 2014 онд бүрдүүлж өгсөн. Энэ үзэсгэлэнд манай эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд байгуулсан 20 гарааны компани бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байгаа нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь юм.
 
2015 оны байдлаар манай эрдэмтэн судлаачид нийт 9735 бүтээл туурвиж, үүнээс дотоодод 7624, гадаадад 2111 бүтээл хэвлүүлснээс 952 ном, 4519 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Шинэ бүтээлийн патент 34, ашигтай загварын гэрчилгээ 29, зохиогчийн эрхийн гэрчилгээ 45-ыг авчээ. 2016 оны статистик хараахан гараагүй ч гэсэн 2015 оныхоос дутахгүй үр дүнтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээр бүтээл нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.
 
 
Үзэсгэлэнд эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинээр туурвисан ном, товхимол, археологи, палеонтологийн олдвор, хүн мал, амьтны урьдчилан сэргийлэх шинэ эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгааллын бэлдмэл, бордоо, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
 
Мөн 2016 онд шинжлэх ухаан технологийн 73, цөмийн технологийн 8, инновацийн 74, суурь судалгааны 163, гадаадтай хамтарсан 74, докторын дараах судалгааны 21, ШУА-ийн 33 грант нийт 400 гаруй төслийн үр дүнг тайлагнаж байна.
 
ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгээс эвэрт үлэг гүрвэлийн толгойн яс, махан идэшт тэмээн хяруул маягийн үлэг гүрвэлийн яс зэрэг ховор бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Энэ бүтээл нь олдворын эх хувь биш бөгөөд олдворыг олж, судалсны дараа хэвийг нь авч цутгасан хуулбар юм. Палеонтологийн олдворыг оргинал хувилбараас хуулбарлах технологи нь Монголын хувьд шинэ зүйл хэмээн судлаач хэлж байна. Судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд Японоос оруулж ирсэн материалаар хийсэн анхны дээжээ ийнхүү дэлгэж байгаа юм.
 
 
ХСҮТ-өөс “Элэгний анхдагч өмөнтэй өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг монгол нутагшуулах нь” төслийг танилцуулав. Тус төвийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлэхдээ, “ХСҮТ-д элэгний хавдартай, хатуурал хүнд үедээ орсон, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн тоо 100 даваад байна. Хагалгаа хийлгүй хойшлох тусам хүлээж буй өвчтөнүүдийн хавдар томорч хагалгаа хийж чадахгүйд хүрч байгаа нь сэтгэл түгшээж байна.
 
Тиймээс аль болох мэс заслыг хурдан хийхийн төлөө баг хамт олон ажиллаж байгаа. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хагалгааны өрөөг тусгайлан элэг шилжүүлэн суулгахад зориулан бэлдэж байна. Ирэх сарын 20-ны үеэр хагалгааг хийхээр төлөвлөж байсан бол энэ ажил хойшилж мичин жилдээ багтаан хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ. Төсөл 2017 онд хэрэгжиж дуусна” гэв.
 
 
 
ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвөөс бионүүрсээр баяжуулсан эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Уламжлалт талхны орцыг модны бионүүрсээр баяжуулан хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болох талх, печень нь гэдэс дүүрэхийг зогсоох, хордлого болохоос сэргийлэх, биеийн холестриний хэмжээг зохицуулах, хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах, бөөрний үйл ажиллагааг дэмжих давуу талтай.
 
Энэ талх, печень нь дэлхий нийтэд хамгийн үнэтэй тансаг хэрэглээ хэмээн зочид буудлууд өглөөний хоолны цэсэндээ оруулдаг. Худалдаанд байгаа цагаан талхнаас бионүүрсэн талх нь илүү үнэтэй байдаг. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргэхийг талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санал болгож байна хэмээн Инноваци, бизнес хөгжлийн төвийн доктор, дэд профессор Б.Мөнхбат хэллээ.
 
“Цахим математик” төслийн удирдагч Т.Лхагвасүрэн, “Өнөөдөр хүн төрөлхтний хувьд математикийг яаж оновчтой, баяр баясгалан болгох вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдэхэд бидний хэрэгжүүлж буй “Цахим математик” төсөл онцгой үр дүнтэй. Энэ нь цаг хугацаа, орон зай, багшаас үл хамааран хүүхэд өөрөө бие даан стрессгүй, сонирхолтой хэлбэрээр бодох боломжоор хангасан хөтөлбөр юм. Цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан математикийн хөтөлбөрийг энгийн, дунд, ахлах гүнзгийрүүлсэн шатлалтай, англи, монгол хэлний хувилбартай, интернетийн болон интернетийн бус орчинд бодох программ хангамжийг шийдсэнээрээ сонгодог хөтөлбөр. Бүтээгдэхүүнийг нийтэд 2017 оноос нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.
 
БСШУСЯ, Монгол улсын ШУА, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж, маргааш шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг