sonin.mn
"Монгол ур чадвар-2016” тэмцээний гагнуурын төрлийн шилдгүүдийн тэмцээн энэ сарын 24-нд Монгол-Германы МСҮТ-ийн байранд эхэлж шилдэг ганц гагнуурчинг тодруулна.
 
Өнөөдөр манай улсад мэргэжлийн боловсрол, сургалтын 36 байгууллага гагнуурчин мэргэжлээр сургадаг бөгөөд энэ тэмцээнд 27 оролцогч сургуулиа төлөөлж оролцоно. Харин тэднээс шалгарсан ганцхан оролцогч 2017 оны 10 дугаар сард 44 дэх удаагийн “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д гагнуурын төрөлд Монгол Улсаа төлөөлөх юм.
 
Энэхүү тэмцээнд 76 орноос 50 мэргэжлээр өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээ оролцуулахаар сойж байна. Манай улсын хувьд 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад гишүүнээр элссэн. Өнгөрсөн жил анх удаа “Дэлхийн ур чадварын мэргэжлийн тэмцээн”-д есөн мэргэжлээр оролцсон бол энэ жил таван төрлөөр оролцохоор бэлдэж байгаагаас гагнуурын төрөл оржээ. 2015 онд тус тэмцээнд оролцсон туршлагадаа үндэслэж үндэсний тэмцээний даалгавар, гүйцэтгэл, шалгаруулалтыг дэлхийн түвшинд хүргээд байгаа бөгөөд гагнуурын мэргэжлийн онцлог нь ажлын байрны хүнд нөхцөлд багтдаг.
 
Тэмцээний оролцогч 4-5 цагийн турш гагнуурын утаа, хэт ягаан туяаны нөлөөнд даалгавраа гүйцэтгэдэг. Тиймээс нэйш, хөнгөн цагаан гагнуурыг оролцуулалгүйгээр, оролцогчдод хамгийн сөрөг нөлөө багатай ган метал дээр гүйцэтгэл хийх юм.
 
Дашрамд сонирхуулахад, гагнуурын мэргэжлээр элсэгчид жилээс жилд өсч 620-730 суралцагч төгсөн гарч байгаагаас 87.5 хувь нь ажлын байртай болсон статистик тоо гарчээ. Энэ мэргэжил нь хүнд нөхцөлд тооцогддог ч үнэлгээ өндөр, маш нарийн ур чадвар эзэмшүүлдэг учраас эрэлт ихтэй мэргэжлийг тэргүүлдэг юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг