sonin.mn
Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар Уул уурхай, Аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн салбарынхан нэгдэж чууллаа.
 
Тус чуулганд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ,“Хуримтлал нь харьцангуй багатай бизнесээ эрхэлж байгаа хүмүүст нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Нэмэлт санхүүжилт хөрөнгийн эх үүсвэрийг олж авна гэдэг тэдний хувьд томоохон сорилтын нэг байдаг. Засгийн газраас банк санхүүгийн тогтолцоог цаашид хөгжүүлж, санхүүгийн салбарыг түлхүү хөгжүүлэх замаар, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээл, өртөг зардлыг бууруулах ажлыг цаашид тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энтрепренерүүдийн чуулга уулзалтанд оролцож байгаа нийт бизнес эрхлэгчид, шинийг эрж хайгчид, эрдэмтэн судлаачид та бүхэнд амжилт хүсье” гэжээ.

Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганы гол илтгэл болох “Монгол Улсад гарааны бизнес эрхлэх боломжууд” сэдэвт илтгэлийг  "Онц Шийдэл" ХХК-ийн захирал Курт Шателений тавьсан юм. Тэрээр  "Эдийн засаг хүнд  байгаа ч гарааны бизнес эрхлэх бүрэн боломж бий. Гарааны бизнесийн гол үзүүлэлт бол эхлэлийг зөв тавих юм.  Та юунаас эхлэхээ сайтар тунгаах ёстой. Юуны өмнө  сурталчилгаа, сайн үйлс зэрэг ямар үйл ажиллагаа явуулахаа шийдэх хэрэгтэй. Гарааны бизнес эрхлэхэд хувь хүний зүгээс маш их хөдөлмөр шаарддаг хэмээн онцлов. Курт Шателен илтгэлийнхээ төгсгөлд  Монголчууд та бүхэн  гадагшаа явахаа урьтал болголгүй  эх нутагтаа бизнесээ эхлүүлээрэй хэмээн хүссэн юм.

Чуулганы төлөөлөгчид уул уурхай бол манай улсын тулгуур салбар бөгөөд талууд эл салбарыг түшиж ажиллах  хэрэгтэй гэдэгт  санал нэгдлээ.
 Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган маргааш өндөрлөнө.
 
 
Б.Заяа