sonin.mn
Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадтай ярилцлаа.
 
-БОАЖЯ-наас Бурхан Халдун хайрханы нэрийг газрын зурагт тэмдэглүүлэх асуудлыг Засгийн газарт оруулсныг олон нийтийн сүлжээнд  Хан Хэнтийн нурууг бүхэлд нь ингэж нэрлэх нь гэх юм уу, уулын нэр солихоос өөр ажил хийхгүй юм гэхчлэн шүүмжилж байна. Нэрийн асуудлаар та тайлбар өгнө үү?
 
-Энэ нэгдүгээрт, нэр солих асуудал биш. Бурхан Халдун хайрханы нэрийг, тэр оргилыг л газрын зурагт тэмдэглүүлэх тухай ярьж байгаа юм. Манай захиргаанаас энэ асуудлыг салбарын яамаар дамжуулан Засгийн газарт  оруулсан. Газрын тухай хуулийнхаа дагуу Засгийн газраас  шийдвэр нь гарч байж УИХ  баталдаг.
 
Их Бурхан Халдун бол төрийн тусгай хамгаалалттай газар, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн монгол түмний үндэсний бахархалт хайрхан. Тиймээс газрын зурагт  тэмдэглүүлэх зайлшгүй шаардлагатай.
 
Ингэх нь олон давхар ач холбогдолтой. Тиймээс хэвлэл мэдээллээр янз бүрээр үзэл бодлоо илэрхийлж, ярилцлага өгч, сошиалд бичиж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Учир нь тэдэнд анх өгсөн мэдээлэл нь буруу хэлбэрээр өгөгджээ. Ямар учраас гэдэг дээр мэдээллийг тодорхой өгөх ёстой. Хоёрдугаарт,   тэр хүмүүс яагаад ийм асуудал гаргаж ирэв гээд үзэхэд, мэдээллийг албан ёсны үүсвэрээс нь асуухгүйгээр хов живийн чанартай ярьж, бичиж   байгаад асуудал нь байна. Ингэж болохгүй. Би түрүүнд хэлсэн, Бурхан халдун төрийн тусгай хамгаалалттай газар, ЮНЕСКО-д бүртгэлтэй  монгол түмний    үндэсний бахархалт хайрхан.
 
Түүний тухай ярина гэдэг монгол төрийн болоод монгол түмний асуудал. Дэлхийн соёлын өвийн тухай асуудал. Хамгийн  гол нь бидний үндэсний тусгаар тогтнолын баталгаа, түүнийг хамгаалахтай холбоотой асуудал. Тэгвэл энэ хайрханы маань нэр яагаад газрын зурагт байхгүй байна вэ гэдэг асуудал тавигддаг. Тэгэхээр энэ хийх юмаа олж ядсандаа нэг  уулын нэрээр оролдоод байгаа хэрэг биш, харин ч  хийх ёстой ажлаа хийж байна  гэж ойлговол зохино.
 
-Та түрүүнд Бурхан Халдун хайрханыг   газрын зурагт нэрээр нь тэмдэглүүлэх олон талын ач холбогдолтой гэлээ. Үүнийгээ жаахан тодруулна уу?
 
-Нэгдүгээрт, Ерөн­хий­­лөг­чийн 2010 оны зарлигаар үндэсний бахар­халт Бурхан Халдун хайрханд судалгаа шин­жилгээний ажлыг  зөвхөн үндэсний эрдэмтдийн хүрээнд ажиглах хэл­бэрээр хийнэ гэж шийд­вэрлэсэн. Тэгвэл газрын зурагт Бурхан Халдун гэ­сэн үг, үсэг байхгүй. Түүнийг газрын зурагт тэмдэглүүлснээр Бурхан Халдун уулынхаа хадга­лалт, хамгаалалтын асууд­лыг баталгаажуулж байна гэсэн үг. Бурхан Халдун хэдийгээр  төрийн тусгай хамгаалалттай газар хэдий ч статусыг нь дээшлүүлж, давхар  хамгаалж байна гэсэн үг.
 
Тухайлбал, хэн нэг хүн тэнд очиж ухаж төнхөх, дээж авах, янз бүрийн байдлаар оролдлого хийсэн тохиолдолд хариуцлага ярихаар “Энэ газрын зурагт чинь Бурхан Халдун гэсэн үг, үсэг алга. Энэ бол би Хэнтий хан гэдэг уулыг ухсан учраас надад Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэр хамаагүй” гэдэг асуудал үүсч болзошгүй байдлыг хумиж өгч байгаа юм. Хоёрдугаарт, Бурхан Халдун дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Дэлхийн соёлын өвийн газарт манай Засгийн газар үүрэг хүлээсэн бай­даг. Тухайлбал, дэл­хийн соёлын өвийн газ­рыг хадгалах, хамгаалах менежментийн төлөв­өгөө боловсруулах, хэрэг­жил­тийг нь хангах үүрэг бүхий хамгаалалтын захиргаа, тийм бүтцийг бий болгох ёстой. Тэр бүтцийг бий болгоно гэсэн амлалтыг авч байж  2015 оны долдугаар сарын 4-ний өдөр Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.
 
Түүнээс хойш өнөөг хүртэл тэр амлалт нь  хэрэгжээгүй. Бурхан Халдун хайрхан Хэнтийн нуруунд оршдог нийт Дэлхийн соёлын өвийн газар нь 415012 га талбай эзэлдэг маш том газар. Үүнээс 70-80 мянган га газар нь дархан цаазат газрын гадна талд байдаг. Тиймээс үүнийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн энэ менежментийг хэрэгжүүлэх ёстой байгууллагын хувьд бид олон арга хэмжээ авч  байгаагийн нэг нь  нэршлийг зөв болгож, тэр өндөрлөгийг газрын зурагт тэмдэглүүлэх юм. Түүнээс бүхэл бүтэн уулын нэрийг өөрчилж байгаа тухай асуудал биш юм шүү дээ. Үүнийг би түрүүнд хэлсэн, дахиад хэлэхэд үүнийг “БОАЖЯ өөр хийх ажил байхгүй юм уу”  гэж байгаа нь  байж боломгүй юм.
 
Энэ нь бид дотроо хэрэлдэх асуудал биш. Монгол Улс гадагшаа олон улстай харилцаж буй асуудал, түүхийн үнэт зүйлээ бид дотроо хадгалж хамгаалах тухай асуудал, үндэсний бахархалт хайрхан, “Монголын нууц товчоо”-д дурдагдсан түүхт газар, Монголын түүхэн үйл явдал тэнд, тэр тогоон дотор болж байсан уу гэдгийн баталгаа болсон газар. Энэ бүхнийг бодож болгоож үзэлгүйгээр  манай зарим эрдэмтэн хүртэл  яагаад төөрөлдүүлсэн зүйл яриад байна вэ гэдгийг гайхаж байна. Тэр хүмүүс бидэнтэй ирж уулзаасай, яагаад гэдгийг тодруулж асуугаасай. Магадгүй зарим болохгүй юм байх аваас бидэнд зөвлөх ёстой шүү дээ.
 
-Ер нь энэ асуудлаар та бүхэн түүх, судалгааны байгууллагатай хамтарч ажилласан уу?
 
-Бид энэ ажлыг бие дааж хийгээгүй. ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Соёлын өвийн төв, салбарын яамтай хамтран асуудлыг олон талаас судалж, ярьж байж хэрэгжүүлээд явж байна. Тиймээс энэ ажил    Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх тухай асуудалтай адилтгах  зүйл биш. Д.Эрдэнэбаатар доктор саяхан их зөв гаргалгаагаар бичсэн байна лээ.
 
XIII зууны үед  нэршиж байсан уг нэрээрээ Бурхан Халдун гэж нэрлэгдсэн газар. Сүүлийн үед түүхэн нэршил өөрчлөх явцад Хан Хэнтий уул гэж  нэрлэгдээд явсан байгаа юм гэсэн байсан. Эртний түүхтэй XIII зууны үед “Монголын нууц товчоо”-нд  Бурхан Халдун гэж үндсэн нэрээрээ нэрлэгдсэн байдаг. Ийм хайрхан уул маань Монгол Улсын газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байж болохгүй. Яагаад ийм байгааг түүхчид маш нарийн мэдэж байгаа байх. Тиймээс тэднээс бас асуучих хэрэгтэй л д ээ. Ер нь бол тухайн үед Бурхан Халдун гэдэг Монголын хаад, ноёд, язгууртнуудын үндсэн шүтээн, бүх хүний үндэсний эв санааны  нэгдлийн цөм нь болж байсан. Манжийн нөлөө гэхчлэн янз бүрийн шалтгаанаар тэр уул хайрханы нэрийг нууцласан барьсан зөндөө учир шалтгаан байдаг. Түүхэнд ч нэр цээрлэсэн, нууцласан газар зөндөө бий. Тэр бол тухайн үеийн л асуудал.
 
Одоо бид Бурхан Халдуны нэрийг нууцлаж яах  юм бэ. Тухайн үед Манжийн дарлалд эрх чөлөөгүй байсан бол одоо бид тусгаар тогтносон, эрх чөлөөт улс шүү дээ. Үндэстэн юм бол үндэснийхээ бахархалт хайрханыг Бурхан Халдун гэж уг нэрээр нь нэрлэхээс юунд нь айгаад байгаа юм бэ. Газрын зураг дээрээ тэмдэглэхээс  юунд нь эмээгээд байгаа юм бэ. Түүнийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Хэнээс айгаад байгаа юм бэ. Бид  тусгаар тогтносон улс юм бол монгол хүний үзэл санааны тулгуур нь болсон Бурхан Халдун  хайрханаа тэгж дархлах ёстой. Би өмнө нь ч энэ тухай  хэвлэлээр хэлж байсан.
 
-Тухайлбал?
 
-Бурхан Халдун юугаараа онцлог юм бэ гэдгийг, Төрийн тахилгат уул хайрхан олон бий ч  тэр дотроос Бурхан Халдуныг онцгойлж авч үзэх ямар үндэслэлүүд байдаг вэ гэдэг талаар би багагүй ярьсан. Тухайлбал, тахилгат уул хайрхадаас язгуурын тахилгатай нь Хэнтий хан, Отгонтэнгэр хайрхан, Богд хан уул гэж үздэг. Олноо өргөгдсөний II оноос эхлээд Дарьгангын Алтан-Овоог  тахилгат уулын тоонд оруулан тахиж  ирсэн байдаг.
 
Тэр дотроос тахилга, тайлгын талаар  түүх сударт илүүтэй  бичигдэж, Монголын их эзэн Чингис хаантай холбоотой түүх сурвалжид орж, “Монголын нууц товчоо”-д үндсэн нэрээрээ 27 удаа дурдагдсан нь  Бурхан Халдун хайрхан юм. Мөн зөвхөн Бурхан Халдун хайрханд  Бүх цэргийн  хар сүлдийг цэнгүүлэхээр Ерөнхийлөгчийн 1995 оны зарлигт онцолсон байдаг. Энэ санамсаргүй зүйл биш.
 
Бурхан Халдун хайрхан монголчуудын эрт дээр үеэс тахиж ирсэн хайрхан, Их Эзэн Чингис хааныг тэнд оршоосон гэж үздэгийн хувьд 1227 оноос хойш Их хоригийг байгуулж, тусгайлсан хамгаалалтыг бий болгосон газар.
 
Үндсэндээ 1992 онд анх удаа тусгай хамгаалалтад авсан юм биш,  аль тэртээ 1227 оноос улбаатай гэж үзэж болно. Тахиж шүтэж буйн гол утга учир нь монголчуудын сүр хүч, сүлд хийморь, гадагшаа аян дайнд явахад Бүх цэргийн хар сүлдийг тэр үеэс эхлэн цэнгүүлдэг уламжлал тогтсон. Хэдийгээр Бурхан Халдунд сүүлд Дунд овоо, Бэлийн овоо  ламын тахилгатай болж шашны зан үйл хийгддэг болсон ч Төрийн хар сүлдний тахилгатай газар юм. Төрийн тахилгатай бусад 10 уул хайрхан, жишээ нь Отгонтэнгэр  Очирваанийн, Богд хан уул Манзушир хувилгааны гээд тус тусдаа шүтээнтэй, тэр байдлаар тахигддаг.
 
Тэгвэл  Бурхан Халдун уул Төрийн хар сүлдний тахилгатай гэдгээрээ онцлог. Нөгөөтэйгүүр, монголчууд  Чингис хаан, түүнээс хойш их, бага хаадын үеэс бүгд тахиж, үеийн үедээ тахих ёстой гэж үр хойчдоо захиж ирсэн нь Төрийн бахархалт хайрхан болгох нэг үндэслэл болсон.
 
Монгол үндэсний бахархалт хайрхан гэдгийн цаана Бурхан Халдун хайрханаа зүрхээ болгон тахиж явбал  хойно байгаа буриадууд, урд байгаа өвөрмонгол, халимаг, тува гэхчлэн монгол туургатан бүгд сүүн цацлаа өргөж, мөргөж залбираад оюун санааны хувьд нэг байх  боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Тэгэхээр энэ ариун нандин, дагшин шүтээн рүүгээ буруу бусармаг байдлаар халдах, авирлах явдал байж болохгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин