sonin.mn
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын  Монголд хийж буй номын айлчлал өчигдөр дуусч, тэрээр Энэтхэгийн Дармасала дахь номын өргөө рүүгээ  буцлаа.
 
Монголын буддын шашны сүм хийдүүд, сүсэгтэн олны хүсэлтээр  хийж буй ес дэх удаагийн энэ айлчлал нь арваннэгдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэл тав хоног үргэлжилсэн юм.
 
Энэ сарын 18-ны  21.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан түүнийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Б.Дамбажав тэргүүтэй шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн олон угтаж авсан.
 
Дээрхийн гэгээнтэн Монголд айчлал хийх хугацаандаа энэ сарын 19-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад сургаал айлдсан. 20-ны өдөр Буянт-Ухаа дахь  спорт цогцолборт лам хуврага, сүсэгтэн олонд  зориулан “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдаж, 21-нд Соёлын төв өргөөнд  их, дээд сургуулийн оюутан, залуустай уулзаж  “Шинэ мянганы ёс зүй ба бурханы шашин” сэдэвт лекц уншсан билээ.
 
Ингээд айлчлалын сүүлийн өдөр буюу өчигдөр буцахынхаа өмнө хэвлэл, мэдээл­лийнхэнтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулав. Хэвлэлийн хурлыг  Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан юм.
 
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц номын айлчлалынхаа хүрээнд Монголын шашны зүтгэлтнүүд, бурханы шавь нар, сүсэгтэн олонд хандан хэлсэн үг, сургаал, айлдвар, лекцдээ нэг зүйлийг ихэд чухалчилж,  онцлон тэмдэглэж байлаа. Тэр нь  амар амгалангийн тухай, амар амгалан хүмүүн төрөлхтнөөс, хүн танаас, таны сэтгэлээс ихээхэн хамаардаг юм шүү гэсэн ерөнхий утгыг илэрхийлж байв. Тухайлбал, тэрээр лам нар, бурханы шавь нарт хандаж хэлсэн үгэндээ “Номд шамд, та бүхэн номд хичээнгүйлэн  суралцах хэрэгтэй. Номыг бясалгах нь амар амгаланг олох юм” хэмээн айлдсан.
 
Тэгвэл сүсэгтэн олон, оюутан залуустай уулзахдаа “Ирээдүй өнөөдрөөс хамааралтай. Шинэ зуун ямар болох вэ гэдгийг бид мэдэж, хариуцлага үүрэх ёстой. Бид энэ ертөнцөд өөрчлөлт авчрах хэрэгтэй. Тэр нь энх амгаланг авчрах өөрчлөлт юм” гээд дэлхий ертөнцөд араатан амьтад хүнийг хөнөөдөггүй. Хүн хүнээ хөнөөж байгаад сэтгэл зовниж явдгаа онцлон  тэмдэглэсэн. Харин хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй уулзахдаа “Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох байдаг. Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг.
 
Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл, шунал юм. Энэ уур хилэн, хүсэл шуналыг дарах арга бий. Амар амгаланг бий болгодог зүйл бол бусдыг энэрэхүй сэтгэл, асран хамгаалах юм. Шинжлэх ухааны үүднээс үзсэн ч гэсэн амар амгалан байх үндэслэл бий. Хүмүүний мөн чанар амар амгаланг хүсдэг” хэмээн айлдав. Түүнийг хэвлэл,  мэдээллийнхэнтэй уулзах үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь IX Богдын хойд дүрийг тодруулсан эсэх тухай байлаа.
 
Энэ  асуултад тэрээр “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх, балчир байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хү­рэх үед нь олонд зар­лаж, сэнтийд нь зал­на. Монголын Богд Жавзандамба хутагт бол агуу түүхтэй лам. Урьд урьдын далай ламуудтай ч барилдлагатай хүн байсан. IX Богд Жавзандамба таалал төгсөхийнхөө өмнө “Би хэзээ, хаана таалал төгсөх вэ. Дараа нь хаана эргэж төрөх вэ” гэж надаас асууж байсан нь гайхамшигтай тохиол байлаа.
 
Хамгийн сүүлд уулзахдаа би өөрт нь “Таны лагшин чилээрхүү байна. Нас сүүдэр өндөр боллоо. Та дараа төрөлдөө яах вэ гэдгээ болгоох хэрэгтэй. Таны дараагийн төрөл авах газар Монгол шүү” гэж айлтгасан юм. IX Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг. Гэхдээ жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” хэмээн хариулав. Түүний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
 
-Таныг Монголд айлчлахын өмнө Хятадын Засгийн газраас манай улсад хандан хүлээж авахгүй байхыг хоёр ч удаа уриалсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
 
-Би хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудлыг  байнга гаргадаг. Би энэ дэлхий дээрх  бурханы шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна. Бусдад нь очиж чадахгүй байгаа. Би уг нь бурханы шашинтай хүн. Гэхдээ би бурханы шашинтай улс болгонд очиж чадахгүй байна. Жишээ нь, Хятадад гэхэд бурханы шашинтай 400 гаруй сая хүн бий.
 
Тэдний зүгээс  намайг Хятадад ирээч, айлчлаач гэж байнга хүсэлт ирүүлж, сануулж  байдаг юм. Бодит байдал дээр би 1974 оноос хойш тусгаар тогтнолын тухай  огт ярихгүй, тийм санааг  дэвшүүлэхгүй байгаа. Хятадын  талын бодлогод   намайг салан тусгаарлагч гэж үздэг. Тусгаар тогтносон улс болохын төлөө би тэмцэхгүй байгаа. Үүнийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Зарим нь миний энэ байр суурийг буруутгадаг. Би анхнаасаа л бид ялна. Тэд ялагдана гэдэг санаагаар биш, харин хоёуланд нь тустай байх юм сан гэсэн бодлоор хандсан. 
 
-Бурханы шашны “Гурван өндөрлөг” буюу Банчин Богд, Далай лам, Богд Жавзандамба нар харилцан бие биеийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Хятадаас шинээр тодруулсан Банчин богд IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин Далай лам зөвшөөрсөн байдаг. Х Богдыг тодруулахад энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?
 
-Тийм ээ, Банчин Богд одоогоор хоёр болчихоод байгаа. Ер нь бол ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү /хошигнов/. Тэр гайхаад байх зүйл биш. Улс төрийн асуудал шүү дээ. Улс төрийн асуудал жаахан шалтгаан тохиоход л дороо хувирч өөрчлөгдөнө шүү дээ. Гол нь улс төр биш бурханы ном, түүнийг амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс  Банчин багш, Богд лам гээд дээшээ хараад явах гол биш. Жишээ нь, би өөрийгөө Далай лам гээд дээрээс харж харилцахыг боддоггүй. Аль болох хүмүүст ойр байж, тэр хүмүүст ижил тэгш хандаж харилцахыг хичээж явдаг. Бурхан багш өөрийгөө лам хуврагууд гэсэн олон тоон дээр тавьж бурханы шашныг лам хуврагууд авч явна гэснээс биш нэг тоон дээр тавиад тэр авч явна гээгүй шүү дээ.
 
-Таны энэ удаагийн  айлчлалын зорилго юу байв?
 
-Монголын бурханы шашны байгууллагууд, сүм хийд, сүсэгтэн олны хүсэлтээр ес дэх удаагаа  номын айлчлал хийсэндээ би маш их баяртай байгаа. Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох байдаг. Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл,шунал юм.
 
Энэ уур хилэн, хүсэл шуналыг дарах арга бий. Амар амгаланг бий болгодог зүйл бол бусдыг энэрэхүйн сэтгэл, асран хамгаалах юм. Шинжлэх ухааны үүднээс үзсэн ч гэсэн амар амгалан байх үндэслэл бий. Хүмүүний мөн чанар амар амгаланг хүсдэг. Дэлхий дээр олон төрлийн шашин бий. Бурхны номд асрахуйн сэтгэл, энэрхүйн сэтгэлийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэж  айлдсан байдаг. Бүх шашин асрахуйн сэтгэл, энэрхүйн сэтгэлийг айлдсан. Эдгээр олон шашин эв нэгдэлтэй байх нь чухал. Хүний бодол, санаа өөр хоорондоо ялгаатай байдаг болохоор үзэл сургааль нь өөр өөр болох нь гарцаагүй юм.
 
Нөгөө талаас би Түвд хүн. Түвдийн улс төрийн тэргүүний ажлаа 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашид улс төрийн тэргүүний ажлыг авч явна. Надад одоо улс төрийн үүрэг, хариуцлага байхгүй болсон. Харин номын үйл хэргийг авч явах үүрэг үлдсэн. Тиймээс Түвдийн шашин, соёл, хэл бичгийг түгээн дэлгэрүүлэхээр зүтгэж байна. Бурхны ном, шашин соёлоо Түвдийн ард түмэн авч яваа гэж хэлэхэд бол­но.
 
Мэргэдийн уламж­луулж ирсэн сур­гаа­лийг сүсэглэсэн төдий­гөөр цааш нь авч явах боломжгүй. Учир шалт­гааны үүднээс судалж, ойлгож авч явах ёстой. Би 30-аад жилийн өмнөөс учир, шалтгааны үүднээс судалсан номоо шинжлэх ухааныхан, эрдэмтэдтэй ярилцаж, холбоо тогтоож ирсэн юм. Түвдийн шашин, соёлыг уруудан доройтуулахгүй байх, түүний орчныг хамгаалж явах үүргээ би үхэн үхтлээ биелүүлэх болно.
 
Дээрхийн гэгээнтний ес дэх удаагийн айлч­лал хэвлэл, мэдээл­лийнхэнтэй уулзсанаар ийнхүү өндөрлөв. Түүнийг Гандан­тэгчинлэн хийдийн тэргүүн, хамба Д.Чойжамц тэргүүтэй Мон­голын шашны зүтгэлт­нүүд, сүсэгтэн олон “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас  үдэж өглөө.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин