sonin.mn
Амьд явсан хүн сонин л юм үздэг юм байна. МАН-ынхны  томилгоо гадаадад суух элчингүүдээр үргэлжилж байна. Саяхан 10 Элчин сайдыг бөөндөөд баталчихлаа. Хүмүүсийн ам тааруу байна.
 
Очиж очиж “С.Баяр, М.Энхсайхан хоёроос өөр Элчин сайд болчихоор хүн олдсонгүй юу даа” гээд нулимж байна. Хү­мүүсийн зэвүүцлийг энэ хоёр хүн яагаад тэгтлээ хүр­гэж байгааг жаахан тод­руулъя. Энэ хоёр эрхэм Монголд Ерөнхий сайд, сайд, намын дарга гэхчлэн хашаагүй өндөр албан тушаал бий гэж үү. Дандаа л огцорч, “оргож” явсан хүмүүс. Монголын нам, төрөөр тоглох шиг л болсон хүмүүс л дээ.
 
Монгол дахь хоёр том нам задарч, Монгол Улс дампуурлаа зарлах босгонд тулж, бид Азийн гуйлгачид болсон нь энэ хоёр хүнтэй салшгүй холбоотой. Хол­боо­тойгоор барахав, гар­даж хэрэгжүүлсэн хоёр толгой.
 
Санжийн Баяр:   -Би энэ хүнийг сайн мэднэ. УИХ-ын сонгуульд хамт өрсөлдөөд, хоёул ялагдаад муухай царайлж явсан удаа ч бий. Түүнээс хойш энэ хүн борви бохисхийлгүй “хувийн тоглолт” хийсээр өөрөө Монголын тэргүүн баячуудын нэг болж, өргөн олон түмнээ өлсгөлөн гуйланчлалд хүргэсэн хүн л дээ. Нэг үгээр хэлбэл Гадаадад Элчин сайдаар явах битгий хэл, Ганц худагт сууж байх хүн гэж хүмүүс ярьдаг.
 
...2008 оны сонгуулийн дараа Д.Сүхбаатарын тал­байд монголчуудыг цагаан зээр шиг хөөн буу­даж, энэ хүндтэй тал­байг хүний цусаар угаа­сан гол буруутны нэг бол яах аргагүй С.Баяр. Монголчууд “онц байдал” гэдгийг зарлах нь бүү хэл сонсоо ч үгүй байсан үе. Тэр үед улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд нь С.Баярын баруун гарын хүн Ц.Мөнх-Оргил байсан.
 
Н.Энхбаяр Ерөнхийлөгч байдлыг харзнан хүлээзнээд байхад, Ерөнхий сайд С.Баяр тулган шаардсаар байгаад Монголд анхны “онц байдал” зарлуулсан гэдэг. Ямар ч бэлтгэлгүйгээр “онц байдал” зарлуулж, шууд л ард түмэн рүүгээ галт зэвсгээр буудаж эхлэсэн. Энэ цуст яргалалд лав л таван сайхан залуу алагдаж, олон хүн хүнд хөнгөн гэмтэл авч, 800 орчим хүн баривчлагдан тамлагдаж тарчилж билээ. Энэ “онц байдлыг” удирдсан хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил. Ард түмнээ ингэж яргалсан С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар гэм зэмгүй өнгөрч, үүрэг даалгавар биелүүлсэн, цагдаагийн хэдэн генерал, офицер ялыг нь үүрч, шоронгийн хүндийг туулан тахир дутуу болцгоогоод гарч ирсэн, одоо амьд сэрүүн байгаа.
 
С.Баяр, Ерөнхий сайд, Намын даргынхаа тамга тэмдгийг найз Сү.Батболддоо шилжүүлээд “Эмчлүүлэх” нэрээр оргон гарч билээ. Янз бүрээр л ярьсан, бичсэн. Шар сонинд С.Баяр “ДОХ-ын шин­жилгээ хийлгэхээр гадаад руу явлаа” гээд уйлж байгаа хүүхний зураг хүр­тэл гарсан. Хэрэг явдал хуучирлаа гээд 2016 оны сонгуулийн өмнө гэмгүй царайлан ирцгээж Ц.Мөнх-Оргилыгоо Гадаад харилцааны сайд болгож байсан нь С.Баяр өөрөө Англид Элчин сайдаар явах “нүхээ мал­таж” байсан хэрэг мөн биз дээ?! МАН-ын толгой талд С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар гарч ирэн дураараа тонгочих болсны далд учир утга энэ.
 
...С.Баяр Ерөнхий сайд байхдаа Монголд хамгийн том нүгэл хийсэн хүн. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйгээр хийлгэж, хэдэн сайдаараа гарын үсэг зуруулсан. Мэргэжлийн, шударга сайд нар байсан бол улсаа худалдсан энэ гэрээг үзэглэхгүй байсан л даа. Дөчин хэдэн суудал авсан МАН-аа зориуд унагаан, Ардчилсан намтай хамтарсан “Стандарт бус Засгийн газар” гэгчийг байгуулж билээ. Ард түмний сонголтыг ингэж улан дороо гишгэхээс буцаагүй хүн.
 
Энэ нь Оюутолгойгоо Монголд ашиггүйгээр Рио Тинтод өгөх л ганцхан зорилготой байсан. Үүнд гар хөл болж зүтгэх хүмүүсээ ч сайтар сонгосон. МАН-аасаа, чулуу зэс хоёрыг ялгах ч юм уу, үгүй ч юм уу “балчир” Д.Зоригтыг Уул уурхайн сайдаар тавьж байгаад өнөө цуутай С.Баярцогтыг Сангийн сайд болгож, одоо шоронд байгаа Л.Гансүхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад суулган, ийм багаар Оюутолгой гэдэг гайхамшигт ганц ордоо гадныханд өгчихсөн юм даа. Тэгээд Монгол хоосорсон юм. Тэгээд Монгол өрөнд орсон юм.
 
Тэгээд монголчууд өлбөрч үхэж байгаа юм. Тэгсэн чинь С.Баяр Элчин сайдаар томилогдох гэж Улсын Их Хурлын чуулганд орж ирээд хэлж байгаа үгийг нь: “Би Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг” гэнэ. УИХ-ын гишүүд рүү ямар бүдүүлэг дээрэнгүй харьцана вэ?! Миний ард Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхад та нар муусайн юу юм бэ! гэсэн байдлаар аархаж байна билээ. Золтой л “Аархал” дууг дуулсангүй.
 
...МАН ялагдаад Ард­чилсан намынхан дураараа тонгочиж байсан сүүлийн жилүүдэд С.Баяртангууд нам байтугай улсаа мартчихсан, гадаадаар зугаалж явсан. АНУ-д л гэхэд долоон хаус дамжаад явж байна гэж УИХ-ын гишүүний мэдээлэлд зурагтайгаа гарна билээ. Нэг орд харшныхаа гадаа цэцэг услаад зогсож байгаа зураг нь цахим ертөнцөд тавигдсан. Энэ бол С.Баяр асар богино хугацаанд хэт их баяжсаны илрэл юм. Хүмүүс бол “Оюутолгойн ашиггүй гэрээний шанд авсан их мөнгөөрөө зугаалж яваа” л гэдэг юм. Монголын банкуудад гэв гэнэт тийм их мөнгө ороод ирвэл сэжиг төрнөө дөө.
 
Тэгсэн чинь оффшорын тухай хамгийн анхны мэдээллээр С.Баяр, Сү.Батболд тэргүүтний булхай цухуйсан. С.Баяр маань хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор данс нээ­чи­хэж. Зайтай толгой л доо.
 
Ардын намынхан Оффшорын тухай хууль гаргана гэж байснаа гэнэт гацчихсан. Одоо болсон чинь “гэр бүл хүүхдүүдийн нэр дээр оффшор бүсэд компани байгуулах, данс нээхийг хориглохгүй” гэсэн хууль гаргах гэж байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл дарга, сайд нар минь өөрсдийнхөө нэр дээр битгий нээ. Гэр бүл, хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр нээ!” гэж баталгаажуулсан хуулийн төсөл явж байгаа юм уу даа. Энэ бол С.Баяр, Сү.Батболдынхны хийж байгаа ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
 
...Ер нь таагүй мэдээ сонсогдох бүрд л С.Баярын нэр явж байдаг. С.Зоригийн хэргийг шалгах болоход ч С.Баяр, Казахстанд алдчихсан 10 сая ам.долларын хэрэг яригдахад ч С.Баяр, Канадын Хан Ресурт Монгол Улсаас 70 сая ам.доллар төлөхөд ч С.Баяр, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 150 сая шахам ам.долларыг Эрдэнэтээ барьцаалан зээлж авахад ч С.Баяр...гэхчлэн яригддаг. Өнөөхөндөө түүнийг шалгах зоригтой аавын хүү Монголд төрөөгүй байгаа юм гэсэн байхаа. Харин шалгуулъя гэсэн хүмүүс нь УИХ-ын гишүүнээсээ эхлээд бурууддаг хачин тогтолцоо байгаа болохоор “баян Баяр” аархал дуулаад явж байхаас яахав!
 
Мэндсайханы Энхсайхан:  -Энэ хүний угшил нь Монголын Ардчилсан нам. Ардчилсан намын буянаар очоогүй оргил, хүрээгүй суудал ховорхон. АН-ын дарга, энэ намаас сонгогдсон Ерөнхий сайд, сайд, сүүлдээ бүр сайдын шинэ суудал гаргуулаад заларч байсан хүн. Ардчилсан намыг задлах эхлэлийг тавьсан боловч хайр хишгийг нь хамгийн их хүртсэн хүн л дээ.
 
2016 оны сонгуулиар МАН ялж, төрийн эрх мэдлийг зангидаж атгахтай зэрэг М.Энхсайхан маань хорин хэдэн жил муулсан Ардын нам руугаа хадаг бариад ирсэн юм болуу даа. Хамгийн амгалан тайван, сайн сайхан газруудын нэг Швед улсад Монголоос суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдож байх юм. Хүмүүс ярьж л байна. “Манай намын удирдлагын хэнд нь их мөнгө өгчихсөн юм бол? Хэнтэй нь ураг төрөл, танил талын холбоотой болсон юм бол? Хэнд нь юу амласан юм бол?! гэхчлэн шуугиж эхлэлээ.
 
М.Энхсайхан гэдэг хүн чинь 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд АН-ыг дэмжинэ гээд тэр намын удирдлагуудын “шарилжийг нь зулгааж, шаахайгий нь зүлгэж” явсан хүн мөн биз дээ. Тэгтэл өнөөдөр яахлаараа ялсан намаас томилолт аваад гадаадын хамгийн сайхан газар Элчин сайд болоод явж байдаг билээ?!
 
Миний танил дипломатууд гайхаж байна. МАН боловсон хүчингүй боллоо гэхэд, ялагдсан намынхаа даргыг гуйж Элчин сайд болготлоо ядарлаа гэжүү! МАН-ын гадаад дотоодод сургууль номыг нь дүүргэсэн энэ олон залуус дунд Шведэд суух Элчин сайд хийчихээр залуучууд алга гэж үү? Адилхан л тэтгэврийн насандаа хүрсэн өдий төдий дипломатч нь Засгийн газарт  бүгд гологдлоо гэжүү...хэмээн бухимдацгааж байна.
 
Хамгийн гол нь энэ томилгоо нь ялсан МАН, түүний удирдлага, намаа гэсэн чин сэтгэлтэй мянга мянган гишүүдийг муухай харагдуулж байгаа юм. Өнгө мөнгөний нам болгон харагдуулж байгаа юм. Өвөр түрийний нам болгон харагдуулж байгаа юм. Огцордог, оргоод явчихдаг хүмүүс бүгэж байдаг, нэг ёсондоо луйварчдын нуувч болгон харагдуулж байгаа юм.
 
Элчин сайдуудын энэ удаагийн томилгоо нь намын хамт олноо, бүр ард түмнээ доромжилсон томилгоо боллоо гэж хүмүүс бухимдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан доор, эрээ цээрээ алдан нийлцгээсэн эрх баригч олигархи бүлэглэлийн энэ шившигт үйл ажиллагаа хэдий болтол үргэлжлэхийг манай намын хамт олон, нийт ард түмэн хүлээцтэй ажиглаж байгаа нь магад.
 
Эрхэм дээдэс минь, гэхдээ тэвчээрт төгсгөл гэж байдгийг битгий мартаарай гэх хүн олон тааралдана.
 
Монголоос найман дипломатч дунд хоёр “лүд” гаргалаа. Монголчууд хамаг муу юм шингэсэн “лүд”-ээ гаргаад эргэж ч харалгүй ирдэг юм. Харин энэ хоёр “лүд” дараагийн сонгуулийн өмнө, ичихгүй л ирж үймүүлэх байхаа даа.
 
 
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамьян