sonin.mn
ВАШИНГТОН./BBC/. Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Клинтоны авсан саналын тоо Д.Трампынхаас 2 саяар илүү байсан байна.
 
Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд ирэх 1 дүгээр сард түүний тангараг өргөх ёслол болох юм. Хоёр долоо хоногийн турш саналуудыг дахин тоолсоор байгаа бөгөөд “the Cook Political Report”-ийн мэдээлснээр Д.Трамп 62.2 сая санал, Х.Клинтон 64.2 сая санал авсан ажээ.  
 
Саналын тоогоор давуу хэдий ч сонгуульд ялагдсан тохиолдол АНУ-ын түүхэнд 5 дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Жишээ дурдахад, 2000 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Альберт Гор Ж.Бушаас 544 мянгаар илүү олон санал авсан боловч сонгуульд ялагдаж байсан тохиолдол бий. Жорж Буш Флорида муж улсад ялсныг Дээд шүүх зарласнаар сонгуулийн дүн тодорхой болж байсан билээ.
 
Энэ жилийн сонгуульд Клинтон Калифорни зэрэг томоохон муж улсуудад ялалт байгуулсан боловч Трамп "тээнэгэлзэгч" мужуудын ихэнхэд нь ялалт байгуулснаар сонгуулийн дүнг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан юм.
 
АНУ-ын сонгуулийн тогтолцооны нэг онцлог нь цөөн хэдэн том муж улсад гэхээсээ илүүтэй олон жижиг муж улсад ялсан нэр дэвшигч ялах магадлал өндөр байдагт оршино.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг