sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Гишүүдийн зүгээс уг тогтоолын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэл хэдэн шат ахих, ажилгүйдлийн түвшин хэдэн хувиар буурах, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалтыг хэдэн хувиар нэмэх, энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөл боловсруулж байгаа эсэх талаар бодит тоо, баримт сонирхохын зэрэгцээ “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг төрийн хэмнэлтийн хөтөлбөр болгох, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна гэж байр сууриа илэрхийлж байлаа.
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж УИХ-д хэлэлцүүлж байх үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Гэхдээ бид УИХ-тай ярилцаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад одоо байгаа зэрэглэлийг хоёр түвшингээр ахиулахаар зорьж байгаа. 2016 оны зургадугаар сарын мэдээгээр ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр бид ажилгүйдлийн түвшинг гурван хувиар буулгаж, долоон хувьд хүргэнэ. Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газрын зүгээс төрөөс эхлүүлж, төрийн тансаглалыг танах чиглэл барьж асуудал тавьсан ч дэмжлэг авч чадаагүй гэж хариулж байв.
 
Тогтоолын төслийг дэмжсэн, эсрэг байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
 
Мөн үеэр “Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян -Ханги, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх саналыг гишүүдийн 79.6 хувь нь дэмжсэн ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг дахин нэг нягталж үзэхийг анхааруулж байлаа.
 
Гишүүдийн олонхи нь “Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, татварыг нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагаас давхардсан хяналт, шалгалт, хүнд суртлыг арилгах” саналд гишүүд байр сууриа илүүтэй илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатар эдийн засаг хүнд үед хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй, УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын хэмжээнд байгаа 1000 гаруй тусгай зөвшөөрлийг гурав дахин бууруулах шаардлагатай байна гэж уг саналыг дэмжсэн бол УИХ-ын С.Чинзориг энэ саналын оронд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал оруулах шаардлагатай гэж байв. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.0 хувь нь дэмжлээ. 
 
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. "Таван толгойн ордыг ашиглах, Таван толгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Гацууртын алтны орд, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ-ын өргөтгөл, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хийж хэрэгжүүлэх", "Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болгох хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хйиж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэх" саналууд чуулганы гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа. УИХ-ын чуулганы уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.