sonin.mn
 “Эрдэнэс тавантолгой” компани “Чалко”-гийн өрийг төлөхийн тулд  Цанхийн зүүн уурхайгаас  нүүрс олборлож байсан. Харин өнөөдрөөс Цанхийн баруун уурхайгаас олборлолт  явуулж эхэлжээ.
 
Ингэснээр “Энержи ресурс”,  Таван Толгойн компанитай тохиролцон “нэг цонх”-ны бодлогоор нүүрсээ экспортлох боломж бүрдэж буй аж. “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх  12 дугаар сард уурхайн амнаас борлуулах нэг тонн нүүрсний үнийг 50 ам.долларт хүргэжээ. Харин ирэх оноос  60 ам.долларт хүрэх боломжтой гэдгийг албаныхан онцолж байна.
 
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх боломжуудыг судлахаар Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй олборлогч компаниуд хамтран ажиллах чиглэлд ажлын хэсгийг байгуулжээ. 
 
Олон улсын зах зээлд нүүрсний үнэ өсч буйтай холбогдуулан уул уурхайн компаниуд  ханшаа нэмэгдүүлэхэд анхаарч буй аж.
Тодруулбал, “Энержи ресурс” компани боомтын нүүрсний үнийг 115 ам.долларт хүргэж гэрээ хийсэн бөгөөд цаашид зах зээлийн ханштай уялдуулан нэмэх боломж бүрдэх юм байна.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг