sonin.mn
Соёмбо судлалыг орчин үеийн шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйд тулгуурлан одон зурхай, урлаг, анагаах болон тэжээхүй ухаан, дүрслэх урлаг, дизайн, урлаг судлал, хэл шинжлэл талаас нь судлан эрчимжүүлэх шаардлагатай хэмээн өнөөдөр болсон "Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл" эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцоллоо.
 
Тус хурлыг Халхын Анхдугаар Өндөр гэгээн Г.Занабазарын зохиосон "Соёмбо үсэг"-ийн 330 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр зохион байгууллаа.
 
Соёмбо үсэг нь Монголчуудын бичиг үсэг, үндэсний соёл, сэтгэлгээний онцгой чухал өв юм. Түүний хамт соёмбо үсгээс гаралтай Соёмбо титмийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон шүтсээр ирсэн. Соёмбо хэмээх санскрит үг нь “Өөрөө гарсан гэгээн” гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулдаг. Соёмбо титэм нь өнөөг хүртэл монгол Улсын төрийн далбаа, төрийн бэлгэдэлд уламжлагдсаар иржээ.
 
Энэхүү хуралд Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, Үндэсний номын сан, Варшавын их сургууль, Зүүн хүрээ коллеж зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын  судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
 
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар “Соёмбо судлалыг хөгжүүлэх асуудалд” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Монголчууд соёмбо титэм, соёмбо сүлд, алтан соёмбо зэргээр хүндэтгэлийн утгаар нэрлэдэг. Энэ нь нэгдүгээрт төр ёсны бэлгэдэл, хоёрдугаарт бичиг соёлын гайхамшигтай дурсгал, гуравдугаарт монголчуудын сэтгэлгээ, гүн ухаан, урлаг соёлын өвөрмөц бүтээл гэсэн соёмбо судлалын 3 үндсэн чиглэлийг бий болгосон. Соёмбыг зохиогдсон үеэс нь судалж тайлбарласан байдаг.
 
Түвд хэлээр туурвисан монгол мэргэдийн бүтээлүүдийн товчооны дүнгээс үзэхэд 100 гаруй тайлбар бий гэж эрдэмтэд үздэг. Үүний нэлээд нь кирилл бичгээр монгол хэлээр нийтлэгдсэн. 1924 онд хичээнгүй сайд Цэрэндорж өвөг дээдсээс уламжилж ирсэн Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэдэл соёмбо үсгийг анх Үндсэн хуульд оруулж бэлгэ тэмдэг болгосон. Их номч Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар 1940-өөд оны сүүлээр тайлбар нийтлүүлсэн.
 
Энэ нь эрдэмтдийн судалгааны сэдэл болсон юм. Ер нь соёмбын судалгааны ажил чамгүй хийгдэж байгаа. Соёмбын дээд талын нар, сар, дөлийг салган үзвэл Хүннүгийн эзэнт гүрний сүлд байсан гэдгийг түүхчид тэмдэглэсэн байдаг. Соёмбо судлалыг орчин үеийн шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйд тулгуурлан одон зурхай, урлаг, анагаах болон тэжээхүй ухаан, дүрслэх урлаг, дизайн, урлаг судлал, хэл шинжлэл талаас нь эрчимжүүлэх шаардлагатай.  Ингэснээр Монголчууд алтан соёмбоо дээдлээд, тайлж тайлбарлах явцдаа монгол үндэстэн, туургатныг нэгтгэдэг үндэс философийг олж авах юм” хэмээв.
 
Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд соёмбо судлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн судлаач, эрдэмтдийн эрдэм судлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээс гадна зөвлөмж гарган төр засгийн бодлого шийдвэр гаргагчдад хүргүүлэх аж. Мөн “Соёмбо”-ын утга учир, бэлгэдлийг олон нийтэд таниулах, төрийн бэлгэдлээ хүндлэн дээдлэх уриалга болох юм.
 
 
Энэ үеэр Дүрслэх урлагийн музейд Варшавын их сургуулийн багш Р.Бямбаагийн “Өндөр гэгээн Занабазарын зохиосон хоёр бичиг”, Дашчойлин хийд, Зүүнхүрээ коллежийн багш Ц.Мөнх-Эрдэнийн “Гэгээн гурван бичиг үсэг” үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын хөрөг дүр, Соёмбо үсэгт холбогдох түүхийн дурсгалт болон үнэт өвүүд, орчин цагийн соёмбо үсгээр бичсэн ном судар зэрэг сонирхолтой, ховор дурсгалууд олны хүртээл боллоо.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг