sonin.mn
МОНГОЛЫН АНХНЫ РЕАЛИТИ НИЙТЛЭЛ-ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ
 
ГИЙГҮҮЛЭГЧ СЭРЖЭЭ /Гадаадад амьдарч байгаа монголчуудыг төлөөлнө/
 
Гадаадад сурч, ажилладаг бидэн шиг хүмүүс насаараа хүний нутагт амьдрахгүй нь лавтай. Хүн бүр их бага хэмжээний орлого олдог. Гол нь тэр мөнгөө хэрхэн үр дүнтэй зөв зүйлд зарцуулах вэ? гэдгээс л тухайн хүний амьдрал ямар байх нь шалтгаалдаг гэж би боддог юм. Ялангуяа үр хүүхэдтэй хүний хувьд тэднийхээ ирээдүйг баталгаажуулна гэдэг маш чухал зүйл. 
 
Миний хувьд нэг ч төгрөг үрдэггүй өдөр, зардалтай өдрөөсөө олон. Иймд хүнсний ногоо худалдан авдаг өдрийнхөө зардлыг жишээ болгоё.  
 
Ажил гэр ойрхон тул өдрийн цайны цагаа ашиглан шинэхэн бөгөөд бөөний үнэтэй хүнсний захаас ногоогоо цуглуулдаг. Долоо хоног бүрийнхээ хоолны менюг урьдчилаад гаргачихдаг болохоор тэр цэсэндээ тааруулаад төмс 1 уут 3000, лууван 2000, сонгино 1500, хайрцаг жимс 10000  вонн гэх мэтээр авч, нийт 21500 вонныг хүнсэндээ зарцуулжээ. Ямар ч тооцоогүй зах орвол зарим ногоог илүү авах, өөр дэмий зүйл худалдан авдаг гэмтэй учраас, яг юу худалдаж авахаа урьдчилан бичих нь хамгийн зөв арга юм. Хүнсний ногоогоо 5 хоногт нэг удаа авдаг болохоор хатаж хаягддаггүй гээд олон сайн талтай.
 
18:00 Ажил тараад охиноо цэцэрлэгээс нь аль болох хурдан авахгүй бол оройжин гомдол мэдүүлдэг юм. Энэ үедээ ээж охин 2 булагнаж өөрсдийнхөө дуртай школадыг авч иднэ. 1200 вон. 
 
20:00 7-14 хоногтоо найз хүүхнүүдтэйгээ уулзаж, зовлон жаргал, баяр хөөр, нууцаа хуваалцан  суух хамгийн сайхан байдаг. Кофе болон дессертны үнэ 4300 вон.
Энэ өдөр зарцуулсан нийт зардал- 26000. Гэхдээ энэ нь өдөр бүр үрдэг мөнгө биш юм. Тиймээс өдөр бүрийн дэл сул зардлаасаа хэмнэсэн мөнгөө тусад нь цуглуулаад, өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулах нь үнэхээр сэтгэл ханамжийг авчирдаг. Эсвэл хуримтлалдаа хийхээр бас л гоё мэдрэмж төрдөг шүү. Та ч бас туршаад үзээрэй. Би чадсан учир та ч гэсэн чадна.
 
 
ГИЙГҮҮЛЭГЧ ТОГОО /Олон нийтийг төлөөлнө/
 
 Би ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Олонхийн адил цалингаас цалингийн хооронд, заримдаа ч өрнөөс өрний хооронд амьдарчихдаг талтай. Яваандаа ямар нэгэн бизнес эхлүүлье гэж боддог ч яг санаагаа олоогүй, гарааны мөнгө, яаж эхлэх гээд учраа олоогүй л явна. Гэтэл ийм асуудалтай хүн ганц би биш бололтой. Энэ сэдвээр яриа өрнүүлэхэд олон найз маань толгой сэгсэрдэг юм. Гэхдээ Михайлд нэг бодол бий гэдэг шиг санааны мухарт бодсон зүйл бий. Ер нь аливаа зүйл багаас эхэлдэг. Иймээс би хамгийн түрүүнд өөрийнхөө санхүүг удирдаж чадаж байгаа эсэхээ хянахаар шийдсэн юм. Эдийн засагчдын өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол зардлаа тэмдэглэх, юунд хамгийн их мөнгө үрж байгаагаа тооцох байдаг. 
 
Ингээд эрхэм уншигч та яг одоо миний сарын өмнө  /2016.10.06/ болон сарын дараа /2016.11.06/ хөтөлсөн нэг өдрийн зардлын тооцоог харьцуулан харна уу.  
2016.10.06 МИНИЙ НЭГ ӨДРИЙН ЗАРДАЛ 2016.11.06 МИНИЙ НЭГ ӨДРИЙН ЗАРДАЛ
 
08:30 Утсаа маажсаар оройтож унтдаг, өглөө сэрүүлгээ 5,10 минутаар хойшлуулсаар би гэдэг хүн ажил руугаа цагтай уралдаж гүйдэг гэмтэй. Ингээд ихэнхдээ таксидна. Гэрээс ажил хүрэхэд-3500 төгрөг.
 
09:20 Энэ үед би заавал аяга кофе ууна. Ажлынхан маань сардаа кофены мөнгө цуглуулдаг бөгөөд дунджаар нэг аягыг 500 төгрөг гэж тооцвол 3 аяга нь 1500 төгрөг болох нь.  
09:30 Өглөөний цайгаа ч ууж амждаггүй тул  ажил эхлээгүй байхад гэдэс хонхолзож эхлэнэ. Сэндвич-2000 төгрөг. 
13:00 Өдрийн хоолны тал мөнгийг байгууллагаас төлдөг. Тостой, өөхтэй, түлсэн, хайрсан байсан ч өөрөөс гардаг 3000 төгрөгөө төлөөд л иддэг.
14:00 Өнөөдөр ажлын найзын минь төрсөн өдөр тул хүн тус бүрээс 10,000 төгрөг хураав. Нэг найзаасаа зээлээд өгчихлөө. 
14:30 Нөгөө хэлтэст Солонгосын хямдхан бараа зарж байна гэсэн сургаар орлоо. Охиндоо нэг цамц, өөртөө нэг даашинзийг хамгийн доод үнээр нь нийлүүлээд 100,000-д авч, цалин буухаар мөнгийг нь өгөхөөр тохиров.
 
 
 
16:00 16 цагийн үед өлсөөд байсан тул өрөөнийхнийгөө уруу татаж, нэг хүний 5000 төгрөг нийлүүлж байгаад пицца авав. Өө тийм. Бас нэг Кола 1200 төгрөгөөр авсан юм байна.
 
18:00 Ажлаа амжуулах гэж жаахан суулаа. Фитнесээсээ  хоцрохгүйн тулд дахиад л таксидав. Зардал- 3500 төгрөг.  
 
19:00 Гэрээрээ хальт орж, гурилтай шөл пурхийлгээд гарч гүйв. Даан ч дасгалд орохдоо усаа мартсан тул 1000 төгрөгөөр худалдаж авлаа. 08:30 Орой эрт унтаж байгаа тул автобусаар ажилдаа очдог болсон. Хүн ер нь 8 цаг унтаж байж ёстой гэсэн. Зардал -500 төгрөг   
 
09:20 Өдөрт элсэн чихэр хуурай сүүгүйгээр зөвхөн ганц аяга хар кофе уудаг болсон. Зардал -500 төгрөг   
 
 
09:30 Өглөөний ундаа тухлан уудаг болсон.Заримдаа амжихгүй үедээ хэдэн боорцог, талх боогоод гардаг болсон тул зардал-0 төгрөг
13:00 Өмнөх орой нь хоолны материалаа хэрчээд бэлдчихдэг тул өглөө нь хувцсаа өмсөж, нүүрээ будаж байхдаа л хоолоо жигнээд савлаад явдаг болсон. Өдрийн хоолны зардал-0 төгрөг 
 
14:00 Энэ сард манай хэлтсийн бас нэг хүний төрсөн өдөр тохиож байна. Гэхдээ энэ удаад би зээл тавьсангүй. Учир нь үргэлж мөнгөтэй явдаг болжээ. 10,000 төгрөг.
14:30 Ямар нэгэн барааг сэтгэл хөдлөлөөр авахаа больсон. Шаардлагатай үедээ бяцхан судалгаа хийгээд үзвэл сэтгэлд нийцсэн чанартай хувцас авах боломжтой. Ялангуяа баярын үеэр томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг шүү дээ. Сарын өмнө авсан цамц, даашинзийг л гэхэд би 80,000 төгрөгөөр авах боломжтой байсан юм байна лээ. Sale – 10-50% Зардал-80,000 төгрөг
 
16:00 Энэ үед өлсдөг дуршлаа дарах 18 цагаас өмнө хоолоо амжиж идэхийн тулд гэрээсээ авчирсан хоолныхоо талыг иддэг. Өө тийм. Өдөр байнга ус ууж байгаа. Хүн өдөрт багадаа 2 литр ус уух ёстой юм байна лээ. Зардал-0 төгрөг
 
18:00 Ажлаа цагт нь амжуулж байгаа тул автобусанд сууж харьж байгаа. Буудлаас гэр хүртэл алхах нь бас л дасгал шүү. Зардал -500 төгрөг   
19:00 Гэртээ орж амралтын өдрүүдэд чимхээд хөлдөөчихсөн буузаа жигнээд, нөхөр хүүхдүүдээ сэтгэл хангалуун үлдээгээд дасгалдаа явах мэдрэмж. Гоё шүү. Зардал-0 төгрөг 
 
Нийт-130,700 төгрөг
 
Бурхан минь. Энэ чинь миний цалингийн хэдэн хувь бэ? Энэ өдөр зардлаа бичээд хэлсэн үг минь. Төрсөн өдөр, хувцас авсан зардлыг тооцоход л би өдөрт 20,700 төгрөг үрдэг байх нь. Ажлын өдрөөр тооцоод үзвэл 455,400 төгрөгийг такси бариад л хоол унд эргүүлээд л үрдэг байх нь. Нийт- 91,500
Өмнөх сард юунд илүү мөнгө зарж байгаагаа мэдсэн учраас зардал маань багассан. Төрсөн өдөр хувцас авах байсан мөнгийг хасаж тооцвол би өдөрт ердөө 1,500 төгрөг үрдэг болжээ. 
 
Ажлын өдрөөр тооцоод үзвэл сард 33,000 төгрөг болж байна. 
 
Би нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзээд  сард 422,000 төгрөгийн хэмнэлт хийж чадахаа ойлгосон. Жаахан хувийн зохион байгуулалттай байхад л бүх зүйл ОК.  Мэдээж эхэндээ эрт босохгүй, хоолоо хийж амжихгүй байх гээд асуудал гарна. Найз нөхдийн төрсөн өдөр, хамт олны зугаалга гээд мөнгө үрэх зүйл бишгүй бий. Гэхдээ дэмий зүйлд мөнгө үрэхээ больсон тул  ямар ч байсан эхний ээлжинд өр тавихаа больчихсоноо анзаарч эхэлдэг юм.  Хамгийн гол нь эрт унтаж эрт босох нь олон ажил амжуулахад дөхөмтэй. Гэртээ хоолоо хийх нь санхүүд болоод эрүүл мэндэд ч тустай. Өө тийм. Би өөртөө 3 үетэй жижиг хоолны сав, бас 2 литрийн усны сав л авсан. Саяхан манайх машинтай болсон. Удахгүй дахиад нэг өдрийнхөө зардлын тооцоог хийнэ дээ. 
 
ГИЙГҮҮЛЭГЧ-НОМИН /эдийн засагч/
 
Сүүлийн 1 жил тогтсон нэг хэмнэлээр амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Өглөө бүр 6.30 гэхэд өдрийн хоолоо бэлтгэж дуусаад,  нөхөр болон өөртөө савлан, хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаад албандаа явцгаадаг. Том охиноо сургууль, бага охиноо цэцэрлэгт нь, нөхрийн ажил зам дагуу учир буулгачихаад ажилдаа очдог. Ажил дээр: 
10.00:  1 аяга кофе эсвэл ногоон цай уудаг. Үнэ 300 төгрөг
 
12.30:  Бэлтгэж ирсэн өдрийн хоолоо иддэг тул зардал гардаггүй. Хоолоо бэлдэж амжаагүй үедээ 4000 төгрөг л зарцуулдаг.
 
Эрүүл мэндэд тустай тул өдрийн турш ус уудаг. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолдоогүй бол ажил дээр тэр бүр  мөнгөний хэрэгцээ гардаггүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Картандаа байнга яаралтай тохиолдолд хэрэглэх мөнгөтэй явахыг хичээнэ. Такси  болон автобусанд мөнгө зарцуулдаггүй. Харин сард бензиний зардалдаа дунджаар 90,000 төгрөг зарцуулдаг бөгөөд  ажлын өдөрт хуваавал нэг өдрийн 4000 орчим төгрөг болж байна. Ингээд тооцоход миний нэг өдрийн зардал 4 300- 9000 төгрөг юм.
 
7 хоног: 
 
- Талх, гурилан бүтээгдэхүүн, ногоогоо бөөний үнээр худалдан авдаг. /Зарим тохиолдолд охинтойгоо талх, гурилан бүтээгдэхүүнээ гэртээ хийнэ/ 
 
Сард: 
 
- Зуны улиралд сардаа нэг удаа махаа их хэмжээгээр авдаг. Харин идшээ бэлдсэн үед, 6 сар хүртэл мах худалдан авдаггүй. Саван, шампунь гэх мэт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тухайн сарын байр цахилгааны төлбөр, утас, интернэт, кабелийн мөнгө, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлдөг. Бас хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд шаардлагатай зүйлсийг авч өгдөг.
 
Улирал: 
 
- Гурил, будаа, гоймон, ургамлын тос, хоол амтлагч болон тухайн улиралд шинэчлэх шаардлагатай хувцас худалдан авдаг. 
 
Жилд: 
 
- Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулдаг.Мэдээж амьдралд баяр ёслол хамт олны аялал зугаалга гэх мэт тооцоолоогүй зардал гарах нь цөөнгүй. Гэхдээ гэнэтийн тохиолдолд хэрэглэх хуримтлалынхаа ачаар санхүүгийн хүндрэлд орох нь ховор байдаг. 
 
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ:  Эрхэм уншигч та анзаарсан бол санхүүгээ зөв удирдаж чадвал тэр бүр мөнгөний гачаалд орохгүй. Бусдаас хурнийж мөнгө зээлэхгүй. Иймээс та юун түрүүнд нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзэхийг зөвлөе. Дараа нь долоо хоног, сараар нь тэмдэглэснээр ямар зүйлд дэмий мөнгө үрж байгаагаа ойлгох болно. Ингээд л та өр тавьдаггүй, харин зээлдэг нэгэн болно шүү дээ. Та яг одоо өнөөдрөөс зардлаа тэмдэглээрэй. Дараа нь үргүй зардлаа багасгаж чадна. Танд амжилт хүсье.