sonin.mn
Өнөө орой (2016.11.27) Гонконгийн галт шувуу телевизээр "Өмнөд Солонгосын улс төрийн орчин" нэрт маш сонирхолтой нэвтрүүлэг үзэв. Хөтлөгчийн ярьж байгаа үг өгүүлбэр бүхэн үнэхээр том жин дарах юм аа. Тэр дундаас сэтгэлд хоногшсон цөөн хэдэн мөрийг энд тэрлэе.
 
Жар далаад оны үед Азийн аж үйлдвэр хамгийн өндөр хөгжсөн улс орны төлөөлөл гэвэл Япон, Умард Солонгос хоёр тооцогддог байжээ. Жараад оны эхээр Өмнөдийн ард түмний амьдрал ядуу зүдүүгийн туйлд хүрээд Азийн хамгийн хоцрогдонгуй орны жишээнд явдаг байсан гэнэ шүү.
 
Ямар сайндаа 1960 онд Өмнөд Солонгосын хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдхүүний хэмжээ дөнгөж 87 доллартай тэнцдэг байхав дээ. Тэр үеийн Монголын ард түмний амьдралыг Өмнөд Солонгостой харьцуулахад бараг л диваажин мэт байсан нь уг нэвтрүүлгийг харж байхад өөрийн эрхгүй ойлгогдож байлаа.
 
Гэтэл 1961 онд одоогийн ерөнхийлөгчийн эцэг генерал Пак Жөн Хи цэргийн эргэлтээр засгийн эрхийг аваад улс орныг үйлдвэржүүлж, том том бүтээн байгуулалтыг далайцтай эхлүүлснээр 1976 он гэхэд хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдхүүний хэмжээгээр Умард Солонгосоо анх удаа даван гарч цаашаа эрч хүчтэй хөгжлийн замдаа оржээ.
 
Ер нь улс байгуулснаас хойш төрийн тэргүүний өндөр сэнтийд гарсан бүхий л ерөнхийлөгч нарын дундаас ямар нэгэн томоохон асуудалд холбогдоогүй хүн огт байдаггүй. Тэр байдал нь одоогийн ерөнхийлөгч Пак Гын Хэ дээр ч давтагдаж байгаа. Гэхдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын эмгэнэлт хувь заяа хувь хүн талдаа маш хүнд тусдаг боловч Өмнөд Солонгосын нийгэм, улс төрийн тогтолцоо эрүүлжин, хөгжил дэвшлийн замдаа шуудрахад маш эерэг үүрэгтэй байдаг гэсэн өвөрмөц сонин дүгнэлтийг уг нэвтрүүлэг хийж байна.
 
Гэхдээ энэ бүхний цаана маш том хүчин зүйл нуугдаж байгаа нь Өмнөд Солонгосын нийт ард иргэд эвлэрэнгүй ноомой бус, тэмцэгч чанартай болох нь сайн сайхан амьдралд хөтлөхөд маш том түлхэц болдог ажээ.
 
Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар