sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор дансгүй байх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хуулийн төслийг чамбайруулах шаардлагатай” гэж үзлээ.
 
Иймээс тус хуулийн төслийн энэ шатны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулав. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оффшор дансгүй байх төрийн өндөр албан тушаалтны жагсаалтыг хуулинд тусгах ёстой гэсэн байр суурьтай байв.
 
Тэрбээр хэлэхдээ, “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан хаагчдын тоо 38 мянгад хүрлээ гэж АТГ-ынхан ярьж байна билээ. Гэхдээ нийт 38 мянган албан хаагчдад оффшорын асуудал хамаатай гэсэн үг биш. Үүнээс мөнгө төгрөг гуйвуулдаг улсыг л сугалж авах хэрэгтэй. Мөн гэр бүл, үр хүүхдийг нь хуулийн үйлчлэлд хамруулна гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаад байх юм. Гэтэл одоо бид Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ хүнийг хөрөнгө орлогыг бичиж л байна.
 
Одоогийн ярьж буй асуудал бол оффшор данстай гэдгээ нийтэд зарласны дараа нийтийн албанд ордог байх тухай асуудлыг ярьж байна. Ер нь гишүүд оффшорын асуудал дээр нухацтай ярих хэрэгтэй. Энэ хуулийн зорилго бол оффшор бүсээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хаах тухай асуудал биш юм. Зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж байна уу, хулгайгаа гадаадад нууж байна уу гэдэг дээр л тогтож ярих хэрэгтэй” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор бүс гэдэг хязгаараа нарийвчлан тогтоох нь зүйтэй. Гадаадад данстай байж болохгүй хэмээн хэт ерөнхий заалт тусгаж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан сумын ахлах албан тушаалтнуудыг оффшор дансгүй байх албан хаагчдын жагсаалтад хамруулах санал гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, "Өнөөдөр манай бизнес эрхлэгчид Монголын банкууд найдваргүй, түүнчлэн мөнгөний үнэ цэнэ алдагдахаас сэргийлж, БНХАУ-д данс ихээр нээлгэж байна. Энэ нь мөнгөө нуугаад гаргаад байгаа хэрэг биш, банкуудад итгэл үзүүлэхгүй байгаатай холбоотой. Иймд энэ асуудлыг ажлын хэсэг бодолцоорой" гэв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг