sonin.mn
Монгол залууст БНСУ-ын түүх соёл, ёс заншил, хууль журам болон тус улсад суралцах боломжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилго бүхий “Солонгосын мэдээллийн төв” өнөөдөр Монголын залуучуудын холбоо (МЗХ)-нд нээлтээ хийлээ.
 
БНСУ-д Монголын 30 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 4500 нь оюутан юм. Энэ нь тус улсад суралцаж буй гадаад оюутнуудаас гуравт буюу БНХАУ, Вьетнам улсын дараа орж буй үзүүлэлт гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун төвийн нээлтийн үеэр онцлов.
 
Тэрбээр, “МЗХ байгуулагдсаны 95 жилийн ойгоор энэхүү төвийг байгуулж байгаадаа баяртай байна. Бид энэүү төвд эх орныхоо түүх соёл, ёс заншилтай холбоотой бүх төрлийн ном, сонин, сэтгүүлийг байрлуулах болно. Ингэснээр манай улсад суралцах, ажиллах зорилготой залууст судалгаа явуулах боломж бүрдэх юм” хэмээв.
 
МЗХ гадаад харилцаа, хамтын ажиллагаага өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бусад орноос Монголд суугаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байгаа аж. Үүний тод илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй “Солонгосын мэдээллийн төв” юм. МЗХ БНСУ-тай нягт хамтран ажилладаг байна. Тухайлбал, 2013 онд МЗХ-ны төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, тус улсын Залуучуудын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан байна. Мөн 2014, 2015 онд БНСУ-ын Залуучуудын холбооны тэргүүн Монголд айлчлал хийсэн гэдгийг МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат дурьдав.
 
“Солонгосын мэдээллийн төв” нь Даваа-Баасан гарагт 10.00-17.00 цагт, Бямбад 12.00-16.00 цагт ажиллаж, залууст мэдлэг, мэдээлэл олгох, Соёлын өдөрлөг зохион байгуулах, БНСУ-д суралцах боломжийн талаар зөвлөгөө өгөх цуврал арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн нээлтийн үеэр МЗХ, БНСУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг