sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны /IFRC/ тэргүүн Умард Солонгост очиж, үер өртсөн газруудад ямар тусламж хэрэгтэй байгааг тогтоохоор төлөвлөж байна.
 
НҮБ-ын агентлагийн мэдэгдсэнээр, энэ оны наймдугаар сарын сүүлч болон есдүгээр сарын эхээр Умард Солонгосын Хойд Хамгён аймагт үер усны аюул нүүрлэсний улмаас 500 гаруй хүн амиа алдаж, 70 мянган хүн орон гэргүй болсон билээ.
 
IFRC-гийн ерөнхийлөгч Тадатэрү Коноэ ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Умард Солонгост таван өдрийн хугацаанд ажиллахаар бэлтгэж байна. Тэрбээр үер өртсөн газруудын нөхцөл байдалтай танилцаж, оршин суугчдад юу хэрэгтэй байгааг тодруулах юм.
 
Гамшгаас эсэн мэнд гарсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэхэд 15.5 сая доллар хандивлахыг IFRC уриалсан юм. Харин Умард Солонгос өнгөрсөн есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийж, удаа дараалан баллистик пуужингууд хөөргөсөн нь хандив цуглуулахад саад болж байна.
Одоогоор Умард Солонгост тусламж үзүүлэхэд шаардлагатай мөнгөний ердөө 30 хүрэхгүй хувь нь цуглаад байгаа ажээ.
Ноён Тадатэрү Коноэ бол Японы иргэн бөгөөд 2009 оноос хойш IFRC-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг