sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын эрдэмтэд энэ оны эхээр ХДХВ-ийн халдварыг эмчлэхэд багагүй дэвшил гаргасан бөгөөд улмаар Өмнөд Африкт ХДХВ-гийн вакцины клиникийн туршилтыг хийж эхэллээ.
 
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхний нэг жилийн хугацаанд ХДХВ-ийн халдвар аваагүй 18-35 насны 5400 эрэгтэй, эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх тарилга хийж, дараагийн хоёр жилд нь тарилга хэр үр дүнтэй байгааг ажиглах ажээ.
 
Уг туршилтыг 2009 онд Таиландад хийсэн туршилтад үндэслэн явуулах юм. Тухайн үед уг вакцин нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг 30 хувиар бууруулж байжээ.
Эрдэмтдийн ярьснаар, Өмнөд Африкт туршиж буй вакцин нь бусад олон төрлийн вирусээс хамгаалдаг гэнэ. Энэ вакцин нь ХДХВ-ийн эсрэг хамгийн сүүлийн үеийн вакцин бөгөөд ДОХ-ын халдварын тархалтыг зогсоож чадна хэмээн эрдэмтэд найдаж байна. 
 
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн онд нэг сая орчим хүн ДОХ-ын улмаас нас барсны ихэнх нь хөгжиж буй орнуудын иргэд байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг