sonin.mn
Дэлхийн II дайны дараагаар улс орнууд дайны хөлд нэрвэгдсэн улс орныхоо эдийн засгийг сэргээх үүднээс төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж компаниудыг ихээр ажиллуулж байв.
 
Төр засгийн бодлогууд ч тэр чиглэлд төвлөрч байв. Гэтэл 1980-аад оны эхээр Британийн Ерөнхий сайд Маргарет Татчер нэгэн шинэ төрийн эдийн засгийн онолыг бий болгосон нь төрийн өмчийн хувьчлалын түүхэнд шинэ хуудас нээжээ.
 
Төр өмчтэй байх нь хараа хяналт сул, үр ашиг тааруу ингэснээр зардал хэмнэх эсвэл орлого нэмэгдүүлэх боломжуудыг бүрэн ашигладаггүй гэж үзсэн байна. Энэ нь сүүлдээ ажлын байрыг бууруулж, төсөвт төлөгдөх татварын хэмжээнд ч сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн учраас Маргарет Татчер  Ерөнхий сайдын үед Британийн Засгийн газар газрын тос, газ, нефьт, автомашин, цахилгаан холбоо, онгоц, гангийн үйлдвэрлэл зэрэг өмнө нь төрийн өмчид байсан томоохон үйлдвэр аж ахуйн газраа хувьчилж эхэлсэн байна.
 
Британийн нүүр царай болсон Роллс Ройс, Ланд Ровер компаниудыг ч төрдөө үлдээхийг зорьсонгүй. Үүнийгээ залгуулаад төмөр замаа ч хувьчилсан байна. Эдгээр хувьчлалын үр дүнд хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үр ашгийн тогтолцоо эрс сайжирч, ингэснээр ашиг орлогын хэмжээ ч эрс нэмэгдсэн байна. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор шинэ дэвшилтэт техник технологи, инновац бий болгох санаачлагууд нэмэгдэж эдгээр нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эдгээр компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг бий болгосон байна. Ингэснээр Лондон хот нь дэлхийн санхүү, хөрөнгө оруулалтын төв болон хөгжихөд чухал нөлөө үзүүлж чаджээ. 
 
Хувьчлал гэдэг нь төр зөвхөн өөрт байсан өмч хөрөнгөө зарж борлуулах асуудал биш юм. Үүний цаана төрийн бодлого байх учиртай. Төрийн хүнд суртлыг бууруулж үр ашгийн тогтолцоог сайжруулах, авлига хээл хахуулийг зогсоох, хариуцлага, засаглалын чанарыг сайжруулах, иргэдээ өмчтэй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг томоохон зорилтуудыг өмч хувьчлалаар дамжуулж хэрэгжүүлэх боломжтой байдаг.
 
Маргарет Татчерийг ажлаа авахаас өмнө Британид гурван сая хүн аль нэг компанийн хувьцаа эзэмшдэг байсан бол түүний эхлүүлсэн төрийн өмчийн хувьчлалын дараагаар энэ нь 10 сая болж нэмэгдсэн байна. 25-40 насны иргэдийн дийлэнх нь хувьчлалын үр дүнд хувьцаатай, өмчтэй болж чаджээ. Өөрөөр хэлбэл, Британийн Засгийн газар нь өмчөө хувьчлахдаа хүртээмжтэй, олон нийтэд ил тод байдлаар зохион байгуулж чадсан байна.
 
 
Хувьчлалын талаарх мэдээллийг олон нийтэд нэгэн зэрэг урьдчилж мэдээлж байжээ. Жирийн иргэн болгон хувьчлалд оролцох боломжтой гэсэн мессежийг өгөх үүднээс “If you see Sid...Tell him!” гэх томоохон компанит ажлыг Британийн Засгийн газрын зүгээс санаачилж хийж гүйцэтгэсэн байна.
 
 
Бритиш Газ компанийн хувьцааг Лондонгийн Хөрөнгийн биржээс хэн ч худалдан авах боломжтой талаар үзүүлсэн сурталчилгааны хуудас (1986 он)
 
 
Хөрөнгийн зах зээлийн шинжээч
Д.Ангар