sonin.mn
   Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж байдаг Монгол улсын ууган ангиудын нэг Зэвсэгт хүчний 015 дугаар ангид "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах ёслол улс тунхагласны баярын өмнөхөн болсон юм.
 
Одон гардуулах ёслолд   УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа , БХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян болон тус ангийн үе үеийн ахмадууд оролцсон байна.
 
Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас БНМАУ-ын баатар Д.Данзанваанчиг, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Дашдорж, Монгол Улсын Ардын жүжигчин нэрт алиалагч Ж.Данзан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чимэд-Осор, Монгол улсын заан Д.Бадам, БНМАУ-ын буудлагын спортын анхны мастер хошууч Л.Аюуш зэрэг алдар цуутай хүмүүс төрөн гарсан бөгөөд Сьерра-Леон, Чад, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Хойд Судан улсуудад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж буй олон залуус ахмад үеийнхээ дайчин уламжлалын буухиаг залгамжлан нэр төртэй албаа хааж байна. 
 
1921 онд Ардын журамт цэрэг Богдын хүрээг чөлөөлөх тулалдаан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож үүргээ амжилттай биелүүлсэн тус ангийн  түүхт 95 жилийн ойгоор  "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнасан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг