sonin.mn
Америкийн кино Академийн дээд шагнал 89 дэх удаагийн Оскарын наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшихээр Монголын уран сайхны “Атганд үлдсэн эрдэнэ” кино өрсөлдөж байна. 
 
Тодруулбал “Атганд үлдсэн эрдэнэ” киног тус номинацид нэр дэвшүүлэхэд холбогдох бүх материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд нийт 50 киноноос эхний 20-д багтаад байгаа юм байна. Үүнээс шилдэг гуравт багтаж чадвал Оскарын кино наадамд албан ёсоор нэр дэвших эрхтэй болох юм. Харин албан ёсоор нэр дэвших бүтээлүүдийг кино Академи ирэх 2017 оны нэгдүгээр сард олон нийтэд зарлах аж. 

Оскарын наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацийн ерөнхий шалгуур нь нийгэмд хандсан, тухайлбал байгаль орчин, экологи, хүний эрх, жендэрийн асуудлыг хөндсөн, нийгмийн соён гэгээрүүлэх утга агуулгатай кинонуудыг сонгон өрсөлдүүлдэг. Харин “Атганд үлдсэн эрдэнэ” киноны далд үндсэн санаа нь жендэрийн асуудлыг хөндсөнөөрөө энэ төрөлд өрсөлдөх боломжтой болжээ. 

Тиймдээ ч Холивудын “EFILM” кино компани болон MPAA буюу Америкийн кино ассоциацийн зүгээс “Эмэгтэй хүүхдийг бүтэн 18 жил “Чи бол эрэгтэй хүн” гэж ойлгуулж, дарамталж, эрэгтэй хүний амьдралаар амьдруулсан нь өөрөө жендэр, хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэж дүгнэн, уг киног Америкт гаргах лиценз олгожээ. 
Тус киноны гүйцэтгэх продюсер Д.Ангараг “Биднийг аз ивээвэл “Атганд үлдсэн эрдэнэ” кино маань Оскарын шагнал хүртэнэ. Эсрэгээрээ, энэ жил нэр дэвшиж чадахгүй ч дараа дараагийн жил Оскарт нэр дэвших хэмжээний сайн бүтээлүүдийг бид ар араас нь үйлдвэрлэсээр байх болно. Дараа жилийн наадамд нэр дэвших киног яг одоо бид үйлдвэрлэж байгаа” гэсэн юм. 
 

Продюсер, зураглаач Даваасүрэнгийн Ангарагийн хувьд “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Ану хатан” зэрэг киноны ерөнхий зураглаачаар ажилласан, Монголын орчин үеийн кино урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг. Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн, Холливудад уригдан ажиллаж байгаа уран бүтээлчийн хувьд тэрбээр Монголынхоо киног олон улсын зах зээлд гаргах, дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх том зорилгын төлөө ажилладаг. Энэ ч үүднээс тэрбээр “Ану хатан” киног DVD болгон Америкийн зах зээлд гаргаж чадсан. Тун саяхны мэдээллээр Д.Ангараг ирэх оноос эхлэн Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшүүлэх бүрэн эрхт салбар хорооны гишүүнээр сонгогдон ажиллах гэж байна. Мөн Америкийн продюсерийн холбооны гишүүн болох шалгуурыг бүрэн хангаж Америкийн продюсерийн холбооны буюу PGA гишүүний батламжаа ирэх онд авах болсон юм. 
 
 
Тэгвэл “Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн бүтээл, Монголын уран сайхны “Атганд үлдсэн эрдэнэ” кино нь Холливудын жишгээр бүтээгдсэн анхны Монгол кино гэдгээрээ онцлогтой.
 
Киноны ажлыг Холливудын "Mongus" pictures, "EFilm" кино компаниудтай "Golden treasure" нэртэйгээр хамтран хийснээрээ монголын кино урлагийн салбарт том дэвшил болсон. Нийт 400 гаруй мянган ам.долларын өртөгөөр бүтсэн уг киноны өвөрмөц санаа, шийдэл олон мянган хүний сэтгэлд хүрч, 3 сая ам.долларын ашиг орлого олж чадсан юм.

Киноны зохиолч найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллаж, гол дүрийг МУГЖ Цэрэндагва, СТА жүжигчин А.Ганчимэг, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр нар бүтээсэн юм.
 
Киноны үйл явдлын тухайд, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын арслан Цэвээний гэрт нэгэн охин мэндэлснийг аав нь Тайван хэмээн нэр хайрлаж, төрсөн цагаас нь эрэгтэй хүүхдийн амьдралаар амьдруулан, бусдаас нуун, эрэгтэй хүүхэд гэж олонд итгүүлнэ. Учир нь арслан Цэвээнийх гурван охинтой бөгөөд түүний өрсөлдөгч нутгийн заан Балжир хүүгийн заяагүй хэмээн тавладаг байсан нь ийм алхам хийхэд хүргэдэг. Тайван нас биед хүрэхийн хэрээр аавынх нь алс зайдуу нутаглаж, бусдын нүд рүү ч эгцэлж харахгүй амьдарч ирсний учир тайлагдаж, хэний ч төсөөлөөгүй үйл явдлууд өрнөж эхэлнэ.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг