sonin.mn
ХОШИМИН. /VNA/. Вьетнамын Хошимин хотод шумуулаар  дамждаг “зика” вирусийн халдвар авсан нь тогтоогдсон 83 хүний 9 нь жирэмсэн эмэгтэйчүүд байна гэж тус хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв мэдэгдлээ.
 
Эдгээр эмэгтэйчүүд тус хотод тусгай эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа ажээ.
11 дүгээр сарын 28-ны байдлаар, Хошимин хотын 24 дүүргийн 17-д нь “зика”-гийн халдвар авсан тохиолдол бүртэгдээд байна. Эдгээр дүүргүүдэд энэ оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд шумуул устгах химийн бодис цацна гэж тус төв мэдэгдэв.
 
Өнгөрсөн оны тавдугаар сараас “зика” вирус нь Бразил болон Латин Америкийн бусад улс оронд тархаж эхэлсэн юм. Хожим нь уг вирус Хойд Америк болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад тархсан билээ. Наймдугаар сард Сингапурт “зика”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм.
 
Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг