sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг ахалж байхдаа нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаага мэдэгдэж, мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэлээ.
 
Тэрбээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өмнөх УИХ-ын үед ахалж байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-ын бүлгээс ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй шалтгаанаар УИХ-аар хэлэлцэж чадаагүй гэлээ. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зурж ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн аж. Хууль хяналтын байгууллагаас уг дүгнэлтэд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
 
Энэ талаар Л.Энх-Амгалан гишүүн "Шинэ Засгийн газрын ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ дүгнэлтийг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсон.
 
Хоёрдугаарт гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компаниуд байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт ямар нэгэн тендэргүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан зэрэг зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг АН-ынхан хэлэцүүлэхгүй гэж байна” гэлээ. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг