sonin.mn
Ургаа сайхан цэцэгсийн
Дэлбээг үл сэвтээ юү.
Ухаан төгс мэргэний
Бэхийг үл хатаа юу.
 
Өлзийтэй зуун XX зуун ар монголчуудын хувьд өлзийтэй сайн цаг байсан гэлцдэг. Арга ч үгүй биз. Түрүүч үеийнхэн маань арав ч хүрэхгүй жилийн хугацаанд хоёр удаа хувьсгал хийсэн.
 
11 дүгээр оны эхний хувьсгалын үр дүнд төрийнхөө алтан жолоог харийн манж нараас “гуйж царайчлалгүй гуядаж” авч тусгаар тогтнолоо Азийг доргитол цуурайтуулан зарласан түүхтэй. 21 дүгээр оны хоёрдох хувьсгал ялсны дараа улсын анхдугаар Их хурлыг зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж улсаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн омог бардам тунхаглан эхний хувьсгалын үед хийж гүйцээгүйгээ гүйцэлдүүлсэн. 
 
Эл бүгд бол бурхан тэнгэрийн ивээл, хишиг бус Монголын ард түмний тэмцлийн үр дүн байсан нь мэдээж. Тэдний тэмцлийн замыг гийгүүлж залан жолоодогчид нь үе үеийн эх оронч-хувьсгалчид байсан болохоор тэднийг үндэсний сэргэн мандалтыг манлайлагчид хэмээн үнэлж, зураг хөргийг нь хойморынхоо гүнгэрваанд залж зул, хүж өргөдөг нь монгол ёс билээ.
 
Ч.БАТ-ОЧИР-СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕИЙН НЭРТ ТӨЛӨӨЛӨГЧ
 
Өнөө үеийнхэн улс оныхоо эрин цагийн хөгжлийн эхлэлийг тэртээ зуугаад жилийн өмнөх дээрх түүхэн үйл явдалтай холбон үздэг. Мандан бадралын эхийг тавьсан төлөөлөгчдийн тухай ярихдаа бид улс төрийн хүрээнд эргэлтийг гардан зохион байгуулсан эх оронч, хувьсгалчид, лам, хар зүтгэлтний зэрэгцээ оюун санааны хүрээнд гэгээрүүлэх их үйл бүтээсэн эрдэмтэн мэргэд, соёл, урлагийн зүтгэлтнүүдийн гүйцэтгэсэн үүргийг зохих ёсоор үнэлдэг.
 
О.Жамьян, Д. Дашням, Ж.Цэвээн, Ч.Бат-Очир нарын олон мэргэдийг ямагт дурсан хүндэтгэдэг нь үүнээс үүдэлтэй. Олон тохиолдолд О.Жамъян Ж.Цэвээн хоёртой гол нь хамт бичигдэж яригддаг “шадар билэгт” хэмээн алдаршсан сэргэн мандалтын үеийн том төлөөлөгч Чулууны Бат-Очирын гэгээрүүлэгч үйлсийн тухай түлхүү өгүүлэх нь бидний өгүүллийн зорилт юм.
 
XXI зуун хүртэл хэсэг хугацаанд түүний тухай харьцангуй баг яръж. бичиж байсан боловч сүүлийн үед бүтээл туурвил нь "амилж" байгааг юуны өмнө тэмдэглэе. Энэ нь сэргэн мандалтын эхэн үед хийсэн бүтээснийг нь хожим  нь ор тас үгүйсгэж, гавьяа зүтгэлийг нь хөнгөн мөчид үнэлж байсан гэсэн санаа огт бус. Хэсэг зугацаанд нэр нь “бүдгэрсэн” шалтгааны тухайд дараах зүйлийг учирлан өгүүлж болно. Үүнд, нэгд, сургууль дөнгөж байгуулагдаж, бичигтэн цөөн байсан учраас зохиогчийн бүгээлүүд нь хорин хэдэн оны уйгаржин бичгээр ганц уцаа цөөн хувь хэвлэгдэж байсан.
 
Хоёрт, хууль цаазын бичигт төрийн эрх бүхий байгууллагын нэр байхаас бус эхийг зохиогчийн нэрийг бичдэггүй. Гуравг, зохиолч гучин хэдэн оны эхээр нас дээр гарсан хойноо шинжилгээний ажлаасаа чөлөө аваад насан өөд болтлоо хөдөө сууж байснаас бүгээлээ дахин дахин хэвлүүлэх боломж хомс байсан зэрэгтэй холбоотой байж мэднэ. Тэгвэл сүүлийн үед Ч.Бат-Очирын ёс зүй, түүх, хууль цаазын чанартай зохиолыг яагаад ингэтлээ их сонирхон судалж, сургалтад ашиглах болов гэсэн асуулт аяндаа гарна. Үүнтэй уялдуулан дараах хэдэн зүйлийг дурдалтай.
 
Нэгд, 1911 оны хувьсгалын 100 жил, Үндсэн хуулийг баталсан Монгол Улсын анхдугаар Их хурлын 90 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан хийсэн судалгааны ажлын явцад түүний зохиосон хууль цаазын бичгүүдийн жин, ач холбогдол улам тодорхой болсныг дурдвал зохино. Хоёрт, ИГУА-ийн философийн хүрээдэн, монголын ёс зүйн сэттэлгээний түүхийг улируулан мөшгөн судалсаар Ч.Бат-Очирыг “дахин нээж” бүтээлийг нь “эргэлт”-нд оруулсан явдал орно. 
 
Мөн ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, их сургуулиудын түүхч багш нар түүний түүхийн бүтээлийг хэвлүүлэн, эрдэм суцалгааны зохиол нэлээд гарсан. Гуравт, зохиогчийн ёс зүй, түүхийн сурах бичгийг сүүлийн үед хэд хэдэн удаа хэвлэсний улмаас түмэн олон уншигч тэдгээрийн амтанд орсон гэж хэлж болно.
 
Үүнд, “Мандах нарны туяа”-г хөдөөнөөс олж ирээд нэгэн шавиараа кирилл бичигт буулган хэвлүүлсэн докгор Б. Дашзэвэг, түүнийг ёс зүйн орчин үеийн онол-арга зүйн үүднээс шинжилж судалгааны тов хийсэн өгүүлэл анхлан бичсэн доктор М.Золзаяа, “Монгол Улсыг эртнээс уламжлан ирснийг товчлон тэмдэглэсэн бичиг”-ийг крилл бичигт буулган зохих судалгааны өгүүлэлтэйгээр хэвлүүлсэн Японы эрдэмтэн Тачибана Макото, МУБИС-ийн түүхийн багш Л.Алтанзаяа нарын эрдмийн овсгоо самбаа, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэх учиртай.
 
Эрдэмтэн Тачибана Макото өмнөх үгэндээ энэхүү зохиолыг дахин хэвлүүлэх зорилго нь зохиогч Ч.Бат-Очир Монгол Улсын түүх бичлэгийн хөгжилд маш чухал суурийг эзэлж байгаад оршино” гэж тэмдэглэжээ.
 
Эрдэмтэн М.Золзаяа ‘Түүхэн энэ онцлог үед ёс сургахууны асуудлыг нарийвчлан үзэж сурах бичиг маягаар олны түгээл болгосон нь монголчууд бичиг үсэг сурч эхэлмэгц нь үр хүүхэд, шавь нараа юун түрүүнд сургаал уншуулан ёс суртахууны хүмүүжил олгодог уламжлалаа харгалзсаны илрэл юм. Түүний уг зохиол нь олон бүтээлээс хураангуйлж цуглуулж эмхтгэсэн төдий бус дээр дурдсан зохиолдуулаас ишлэл, санаа, сэдэв авч өөрийн үзэл санаагаа гүн гүнзгий тусгажээ” хэмээн “Мандах нарны туяа” бүтээлийн үнэ цэнийг оновчтой тодорхойлдог.
 
Ч.Бат-Очир XV жарны хөх нохой жил (энэ жил төрсөн хүмүүн нарын бие галбир сайхан, ухаан хурц, билэг оюун тод, урлахуй ухааны эрдэм мэдлэг их, ааш авир төв, шударга, бага балчираас эрдэм номд шамдвал билэг оюун чадал их, алдар хүндтэй хэмээн зурхайн сударт өгүүлжээ) Халхын Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны (одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын) Чулууны хөвгүүн болон төржээ. Тэрбээр 1927 онд бичсэн товч намтартаа “Үндсэн захиргаа Хан Хэнтий уулын аймгийн Өндөрхаан уулын хошууны Хэрээ-Хөхөл сумын нэгдүгээр багийн нэгдүгээр арван. Өрх дөрөв. Нэг ам бүл 19, хөдөө гэрт 280 бодтой” хэмээн бичжээ.
 
Түүний амьдарч байсан үе бол манай орны түүхийн нэн сонирхолтой, эргэлтийн цаг байсан тул амьдрал үйл ажиллагаанд нь тодорхой нөлөө үзүүлжээ. Иймээс гурван төрийн нүүр үзсэн сайхь бичгийн эрдэмтний намтрыг гурван үед хувааж үзэх нь зүйтэй мэт санагдана.
 
Манай орон манжийн эрхэнд хураагдаж байсан 1874-өөс /түүний төрсөн он/ эхлэн тусгаар тогтнолоо эгүүлэн олсон 1911 оны хууч хүртэлх эхний үед бага, идэр, залуу нас таардаг.
 
Тухайн үеийн хөдөөний хүүхэд багачуул лугаа нэгэн адил хурга, ишигтэй тоглож, шилбүүр унан, гуяа алгадан гүйж өсч торнисон байлгүй. Тэр нутгийн Галуугийн Гонгор гэдэг өвгөн “Бат-Очир бага байхын хүнээс юм асууж шалгаадаг “ухамтгай” айхавтар хэрсүү хүүхэд байсан юм” гэж настны ярилцахыг олонтоо сонсож байснаа дурсдаг. Энэ бол тун олзуурхууштай үг. Ийм шинж төрх түүний насан туршид нь хадгалагдаж үйл ажиллагааг нь тодорхойлдог байсан байж магадгүй. Ямар ч агугай аав, ээж нь “морь унах хүнд жолоо хэрэгтэй, эрдэм сурах хүнд бичиг хэрэгтэй” гэдэг сургаалыг дагаж хүүдээ багад нь бичиг заалгаж сургасан бололтой.
 
Улмаар Сэцэн хан Наваан-Нэрэн түүнийг тамгын газартаа бичээч,түшмэлийн албанд тохоон томилон ажилуулжээ. “Хар Бат-Очир болбаас Наваан-Нэрэн надад бичиг заасан багш мөн” гэж Наваан-Нэрэн бээр бичсэн байдаг. Бат-Очир хүү албан бичгийн эх зохион ханд толилуулж хувилан бичих зэрэг толгой дээш татах завгүй ажлын хажуугаар ажлын шаардлагаар ч юмуу аль эсвэл сонирхсондоо ч юмуу манж, төвд, хятад хэл бичиг сурч эхэлсэн ба хожим нь Хүрээнд шилжин сууснаас хойш дээрх гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлсэн байх гэж бодогддог. Энэ нь манжийн дарлалын буулган дор тэргүүнээ бөхийлгөлгүй сурах үйлдэх хоёрыг цаг алдалгүй уйгагүй хослуулж байсныг харуулах мэт.
 
Хүрээнд шилжин суусан нь аймагт олж үзээгүй ном судар судлах, тухайн үеийн Хүрээний эрдэмтэн мэргэдтэй танилцан нөхөрлөх боломж олгосон байх гэж төсөөлж болох юм. Ялангуяа О.Жамьян, Ж.Цэвээн нартай нөхөрлөсөн нь Европын сэтгэлгээний ололттой танилцан судар бичгийн хүрээлэн байгуулалцаж, Үндсэн хууль боловсруулах комисст хамтран ажиллаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэн, судлагдахуундаа өрнө, дорнын сэтгэлгээ аль алиных нь үүднээс хандахад тус болсон байх аа.
 
Ганц морьтой байсан Бат-Очир ийнхүү хос морьтой болж, нэг аймгийн түвшинд сэтгэж байсан тэрбээр улсынхаа хэмжээнд төдийгүй тив дэлхийн хэмжээнд сэтгэгч болж эхэлдэг. Энэ бол түүний амьдралын эхний үеийн гол үр дүн мөн. 1911-1921 оны хоорондох хоёрдох үед тэрбээр тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын Хууль цаазын бичгийг зохион, улам чамбайруулах их үйлсэд хүч, оюунаа зориупжээ.
 
БОГДЫН ХИШИГ ХҮРТСЭН НЬ
 
Анхны том бүтээл нь түүний зохиосон Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт, Түмэн наст хаан Богд Жавзандамбын тамганы шүлэг мөн гэж баттэй хэлж болно. “Чингис хааны хас тамгаас санаа авч богд эзэн хааны тамгыг хас чулуугаар Сэцэн хан аймгийн засаг, улсад туслагч, далай дархан гүн Барайшир нарын урчууд сийлэв. Богд эзэн хааны тамга ба өргөмжлөлийн үг, өлзий хишгийн үгийг түүхч, яруу найрагч шадар Ч.Бат-Очир зохиожээ” хэмээн Г.Жамсранжав зохиолдоо өгүүлсэн нь үүнийг нотолдог.
 
Улмаар Монгол Улсын Төрийн соёрхолт доктор О.Батсайхан “Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жавзандамба” бүтээлдээ “Богд хааны мөнгөн тамганы дээд талд болон дөрвөн талд нь “Тэнгэр энх түвшин, дэлхий, төр маш бат, шашин маш тунгалаг” хэмээн монгол үсгээр утга төгөлдөр, агуулга гүн бичсэн нь монголын төрийг өнө мөнхөд бат оршиж, монголчуудын шүтэж ирсэн шашин тунгалаг байхыг бэлгэдсэнээс гадна дэлхий дахинаараа энх түвшин оршиж байхын ерөөл оршохуйг бэлгэдсэн чанартай болсон хэмээн үзүүштэй. 
 
Мөн тамганы дээд талыг уг тамгыг үйлдсэн хугацааг бичихдээ “Цагаагчин гахай жилд бүгдээр өргөмжлөн өргөв” хэмээснээс үзвэл энэхүү тамганы эзэн болох Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар 1911 онд өргөснийг бас ийнхүү илэрхийлсэн байна. Эдгээр бүгд өөр өөрийн агуулгатай бөгөөд 1915 онд Богд хаанд өргөсөн ламын алтан тамганд эдгээр үгс цөм адил буй билээ” гэж бичсэн нь түрүүн өгүүлсэн Г.Жамсранжавын бичжээ.
 
Тусгаар тогтносон Монгол Улс цаашид шашин, төр хоёрыг эндэгдэлгүй, тэгш хослуулах уламжлалт бодлогыг бат тууштай явуулах үзэл санааг хааны тамганы шүлгээр ийнхүү илэрхийлсэн нь Ч.Бат-Очир бол юмны утгыг нэвтэрхий ухагч халын бодолтой том сэтгэгч мөн болохоо төдийгүй түүнээ товч, ончтой мэргэн буулгах чадалтай бичгийн хүн болохоо бат нот харуулсан юм. Түүнчлэн төр, шашныг үзэх үзэл, Монгол Улс оршин тогтнохуй нь дэлхийн энх амгалан байдалтай “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг шиг холбоо, нягт шүтэлцээтэй гэсэн диалектик санааг илэрхийлдэг. XIX зуунд монголд лам нар хэт олширч, тэр үеийнхний ярьдгаар “Жалгын нэг хийдтэй, айлын нэг лам”-тай болсон боловч шашны чанар баахан буурч доройтсонд сэтгэл зовж явснаас дээрх тамганы үгэнд “шашин маш тунгалаг” гэж бичсэн болов уу гэж боддог юм.
 
Ингэхээр Жавзандамба хааны тамганы шүлэг нь доктор О.Батсайханы өгүүлсэнчлэн бэлгэдлийн шинж чанартайн дээр бас “зорилго”, “эрхэмлэл”-ийн шинжийг агуулдаг болов уу. Бүхэлдээ Ч.Бат-Очирын зохиосон тамганы шүлэг нь зохиогчийн ертөнцийг үзэх ба ёс зүйн үзэлийг тун товч багтаасан бүтээл болон Монголын түүхнээ үлджээ.
 
Жавзандамба хаан Ч.Бат-Очирын зохиосон тамганы үгийг машид таалж зарлиг буулган түүнд “Шадар билэгт” цолоор хишиг хүртээсэн ажээ. Түүнээс хойш зохиогчийг Бат-Очир гэхээсээ илүү “шадар” гэж дууддаг болсон ба судалгааны жинтэй зохиолд одоо ч тэгж бичсэн нь олон тааралддаг.
 
Ч.Бат-Очир улмаар Шашин, төрд туслах яам, Хууль цаазын бичиг зохиох газарт бичээч, туслах түшмэлийн алба хааж хууль цаазын бичгийн эх зохиох болон түүнийг төгс сайжруулахад онц зүтгэл гаргасан тул 1918 онд хааны зарлигаар түүнд “гүн” зэрэг олгожээ. Бат-Очир яаран бийрээ барьдаггүй, бичиг сэлтийг толгойдоо биччихээд дараа нь цаасан дээр нэмэх, хасах зүйлгүй төвөггүй буулгадаг ёстой л “түүхий сүүний бяслаг” шиг цэвцийсэн өөгүй юм хийдэг түшмэл байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Хэв дундаж ёсыг баримтлагч байсан ч гэж ярилцдаг.
 
Дээрх хоёр баримтаас үзэхэд Ч.Бат-Очир нь Хүрээнд ирээд нэр, нүүр нь мэдэгдээгүй жирийн нэгэн уйгаржин монгол бичигтэн байгаагүй, харин хааны ордныхонд болон Хүрээний эрдэмтэн мэргэдийн дунд эрдэм чадал нь танигдсан нэгэн байсан бололтой. Аймгийн ба улсын түвшний засаг, төрийн байгууллагад нэлээд жил ажиллах үед олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан шинэ бөгөөд жинтэй том бүтээл гаргахад оюун мэдлэгээ сорихуйц үйл ажиллагааны уудам талбар түүнийг угтаж хүлээж байжээ. Үзээд алдаж дээ.
 
Гуравдахь үе нь 1921 оны үндэсний хувьсгалын гарааны арван жилтэй давхцдаг бөгөөд үүнийг Бат-Очирын бүтээлийн оргил үе мөн гэж нэрлэж болно. Шадар энэхүү дурдсан хугацаанд шинжлэх ухааны судалгаа хийх, хууль цаазын бичиг зохиох, багшлах, шинэ тутам үүссэн танхимын багш, шавь нарт зориулсан сурах бичгүүд зохиохтой зэрэгцүүлэн яруу найраг зохиох зэргээр бүтээлийн олон салбарт "унасан малгайгаа шүүрэх завгүй" ажилласныг дараах баримтуудаас харж болно.
 
ЭРДМИЙН ОРДОН БОСГОЛЦСОН НЬ
 
Ч.Бат-Очир бол 1921 оны хуучаар анх “Номын хүрээлэн” нэртэй байгаад удалгүй нэрээ өөрчлөн “Судар бичгийн хүрээлэн” болсон өнөөгийн Шинжлэх ухааны академийн гал голомтыг үүсгэн байгуулагчдын нэг нь байсан билээ. “Монгол Улсын Шинжлэх ухааны академи” номд түүхийн ухааны доктор, профессор С.Чулууны өгүүлснээр “Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг түшмэл Ж.Цэвээн, гүн О.Жамъян, гүн Д.Дашням, Өлзийноров, түшмэл Ч.Бат-Очир нар 15 зүйлтэйгээр боловсруулжээ”, тус хүрээлэнгийн удирдлага, ажилтнуудыг томилон тогтоох хурал 1921 оны арваннэгдүгээр сарын 22-нд болжээ. 
 
Хүрээлэнгийн эрхэлсэн сайд О.Жамъян, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нар энэ хурлыг зохион байгуулж хийжээ. Уг хурлаар зайсан Ч.Бат-Очирыг хүрээлэнгийн хавсарсан нарийн бичгийн даргаар томилжээ”, хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүнээр “1921 оны арваннэгдүгээр сард О.Жамъян, Ш.Цэвээн, Ч.Бат-Очир, Д.Дашням нар сонгогджээ” хэмээн “Монголын шинжлэх ухааны академи” номд өгүүлдэг. Мөн номд Ч.Бат-Очир тэргүүн зэрэгтэй манж хэлний орчуулагчаар ажиллаж байсныг бас тэмдэглэжээ.
 
Хүрээлэнгийн дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 гаруй номоор анхны номын сан байгуулсан нь Монголын соёлын амьдрал дахь том үйл явдал мөн. Ч.Бат-Очир манж бичгүүдийн дотроос Монголд холбогдох зүйлийг орчуулж, 1922 онд хэсэг нөхдийн хамт Дархан Чин ван Пунцагцэрэнгийн хошууны эвдэрхий хийдийг судалж, мөн оюутан М.Гомбожав, эмч Дэмчиг нарын хамт ном судар, төвд эмэнд хэрэглэх эм, ургамлын зүйл, эмийн судар зураг олох томилолтоор Бээжин, Хөх хот явж, зорьсон хэргээ бүтээж олон чухал ном, дэвтэр олж иржээ. Дараа нь “Монгол үсгийн мөрдөн дууриах эх” бүтээлээ хэвлүүлжээ.
 
Манж хэлнээс шадрын хөрвүүлсэн зохиолын дотор “Нэвтэрхий толь”, “Ган му бичиг” зэрэг хамгийн нэртэй том нь ажээ. Б.Ринчин доктор европын хэлэнд одоо хүртэл гүйцэт орчуулж амжаагүй бөгөөд “Монголын түүхэнд маш чухал тулгар бичгийн зүйл Юань Улсын судар, Ган му бичгийг монгол хэлнээ маш сайхан орчуулсан Жамъян гүн, Бат-Очир, Мишиг, Дандаа нарт талархан бахархаж тэдгээр шударга зүтгэлтэн өвгөдийнхөө чин зүтгэлийг дурдан тэмдэглүүштэй” гэж 1991 онд бичсэн нэгэн өгүүлэлдээ тэмдэглэсэн байдаг.
 
Ч.Бат-Очир улс орныхоо дотор түүх, соёлын нэн чухал газруудад хээрийн шинжилгээгээр явж тэдгээрийг судлах, хамгаалах ажил хийхийн хамт зөвлөлт, хятадын эрдэмтэдтэй холбоо тогтоон хамтран ажиллахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж байжээ. Ганц баримт дурдахад, 1929 оны зун шинжилгээний ангиудыг ажил гүйцэтгэх журмын тухай ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас манай Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээнд дарга Жамъянгийн хамт гарын үсэг зурж байжээ.
Шадар Ч.Бат-Очир шинэ тутам байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнд үнэхээр чухал үүрэгтэй байсныг 1928 онд түүнийг нэгэн хошууны даргаар сонгоход О.Жамьян дарга “Манай хүрээлэнд тэр мэт хүнийг хэрэглэх нь нэн чухал” гэж хэлээд татгалзсан содон баримт буй.
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН XOPOЛ ЭРДЭНЭ ТООНЫГ УРЛАЛЦАВ
 
Ч.Бат-Очирын намтарт алтан үсгээр тэмдэглэгддэг гэмээр бас нэгэн том үйл явдал буй. Энэ нь олноо өргөгдсөний 22 оны тавдугаар сарын 19-ний өдрийн Ардын засгийн газрын хуралдаанаас “Үндсэн хууль боловсруулах комисс”-ыг байгуулахад түүний бүрэлдэхүүнд Шүүх яамны сайд Н.Магсаржав хурц, эрдэмтэн Ж.Цэвээн нарын хамт Ч.Бат-Очирыг оруулсан байдаг явдал мөн. Үлгэрлэвэл улсын Үндсэн хууль бол төрийн тооно мэт.
 
Тэгвэл Ч.Бат-Очир Монголын аль шилдэг модны дархцуултай гар, санаа нийлэн төрийн тооныг урлалцжээ. Улс гэрийн тооныг урлалцана гэдэг хүн болгонд олдоод байдаг хувь зохиол бишээ. 1924 онд батлагдсан Үндсэн хууль 16 жилийн турш манай орны хөгжлийн замыг заагч луужин болж ирсэн болохоор Бат-Очир ямар чухал үүрэг гүйцэтгэлцсэн нь илэрхий.
 
ОХИД, ХӨВГҮҮДИЙН ОЮУНЫГ НЭЭГДҮҮЛЭГЧ ШИДЭТ ХОЁР ТҮЛХҮҮР ЗОХИОВ
 
Үүний дараа тэрбээр гэгээрэл боловсролын үйлсэд хүчээ сорьсон байдаг. Үр дүн нь 1926 онд хэвлэгдсэн “Мандах нарны туяа” хэмээх ёс зүйн, 1928 онд хэвлэгдсэн “Монгол Улсын эртнээс уламжлан ирснийг товчлон тэмдэглэсэн бичиг” нэртэй түүхийн сурах бичиг тус тус болой. Хөх толбот монголын тухайн үеийн болон ирээдүйн түг түмэн үрсийн амьдралын зам мөрийг алтан нар мэт эгнэгт гийгүүлж байгаасай гэж хүсэмжилсэндээ зохиогч ёс зүйн энэхүү шастираа “Мандах нарны туяа” хэмээн нэрлэсэн болов уу.
 
Ёс зүйн эрдмийн яндашгүй сан хөмрөгөөс аль зохилтойг хураамжлан “Мандах нарны туяа” хэмээх шастирыг бүтээгч Ч.Бат-Очирыг тэнгис далайн ёроолоос сувд, тана шүүрдэгч эрэлчин-усчинтай жишиж, янз янзын хээ хуартай өнгө өнгийн торгоны өөдөс зүйн нүд булаасан зээгт наамал үйлдсэн уран үйлчидтэй тус тус зүйрлэж болмоор.
 
“Мандах нарны туяа” хэвлэгдэхийн хамт Монголд хүмүүнлэгийн ухааны нэгэн чухал салбар-ёс зүйн шинжлэх ухаан албан ёсоор эхээ тавьж, сургах үйл ажиллагаа гэгээрлийн салбарт үүсчээ гэж үзэж болох болов уу.
 
Бүтэц, дарааллыг бие, гэр, төрөө засах тухай Кунзийн, хожим нь Эзэн богд Чингисийн айлдсан сургаалын үзэл санааг үндэслэн зохиосон мэт санагддаг. Эл зохиол бол Монголын ёс зүйн сэтгэлгээний түүхэнд нэгэн үеийг эзлэх бүтээл, үндэсний анхны ёс зүйн сурах бичиг мөн.
 
Хорин хэдэн оноос танхимын сурагчдад тоо бодлого, монгол хэл бичиг, түмэн бодисын ухааны мэдлэг олгодог хичээлийн зэрэгцээ хүмүүний ёс, явдлыг өгүүлдэг гэмээр нэгэн зүйл хичээлийг “Мандах нарны туяа” сурахаар зааж эхэлсэн нь нэн сонирхолтой. Энэ нь ёс зүйн хүмүүжлийг өнө эртнээс эрхэмлэн дээдэлж ирсэн монгол үндэсний уламжлал, шинэ эринд шинэ нийгэм байгуулахад хүнийг хүмүүжүүлэх үйлст ёс зүйн гүйцэтгэх үүргийг тухайн үеийн нам, төрийн удирдлага, гэгээрүүлэгч сэхээтнүүд сайтар ухварласных бизээ.
 
Эл зохиолд ёс зүйн орчин үеийн шинжлэх ухаанд томьёолдог үнэт чанар, эрхэмлэл, чиг баримжаалал болон эрдэм, хайр, нинжин сэтгэл гэх зэрэг үндсэн зарчим, эгэл хэм хэмжээг тухайн үеийн монгол сэтгэлгээгээр илэрхийлдэг. Энэ нь охид хөвгүүд хялбархан ухаж ойлгоход дөхөмтэй байсан бололтой.
Зохиогч бүтээлдээ ёс зүйн зарчим, эгэл хэм хэмжээ зэрэг ойлголтыг зохих зүйлд байрыг олж өгүүлснийг тэмдэглэвэл зохино. Тэрчлэн хүн зонд ёс зүй төлөвшүүлэхэд нийгмийн ахуй, тухайлбал, гэр бүлийн үүрэг, сурган гэгээрүүлэх үйл ажиллагааны голлох үүрэг, хүн бүр ёс зүйд хичээн суралцах, амьдрал, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохын учир холбогдлыг заадаг. Энэ нь ёс зүйн сургалтын практик ач холбогдолтой юм. Мөн хүний төлөвшилд удмын сангийн үүргийг ч үр хөврөлийн байдлаар томъёолсон байдаг.
 
“Мандах нарны туяа”-д уламжлал, шинэчлэлийг хослуулсан нь түүний онцлог шинж мөн. Эрдэм, гэм, хайр, энэрэл, үнэнч, тусч зэрэг ёс зүйн уламжлалт ойлголтыг номын холбогдох зүйлд байрыг олж эвтэйхэн оруулахын зэрэгцээ хувьсгал ялсны дараах 4-5 жилийн дотор үүссэн төрийн шинэ бүтэц, эдийн засгийн хэвшил, сургууль соёлын шинэ гал голомт нь хүнд гэгээрэнгүй, сайн сайхан аж төрөх нөхцлийг хангах зорилготойг өгүүлж, тэдгээрт зөв хандахыг уншигчдад учирлан тайлбарладаг.
Уг сурах бичигт зан суртахууны дэвшилт уламжлалыг өгүүлэхийн хамт түүнтэй зэрэгцэн оршиж хөгжлийг хойш татдаг гэмт шинжүүд, элдэв харш үзэгдпийг шүүмжлэн, шинэ цагийн ёсонд нийцсэн ёс суртахууныг сувдин эзэмшихийг уншигчдад уриалан дууддаг нь зохиогч хөгжлийн үзэл санааг хөдөлбөргүй баримтлагч байсныг гэрчилдэг.
 
“Энэ цагийн байдал” хэмээх 6-р зүйлд эдүгээ цагийн засгийн бодлогыг хүн бүр мэдэж, гэр бүр ухвал зохимуй. Хааяа зарим ухваргүй ард ямагт хуучныг баримтлаж, шинийг жигшэж, элдэв муутгах үг гаргах нь засгийн гүн бодлогыг эс ухсаны харгай болой. Гадаадын харгис этгээд нар дараалан ирж монголчуудыг хэчнээн алж талж сүйтгэснийг мэдэх бөгөөд харин өөртөө эрхийг олж өршөөлт засаг явуулсныг үл мэдэх нь юутай мунхаг ажээ. Үүнийг сэхээрэн ухаж, соёлд хандваас их л завшаан үгүй юу?” гэж өгүүлсэн нь үүний тод жишээ болно.
 
Ч.Бат-Очир бол цаг үеэ сорийг мэдэрч бүтээлдээ тусгадаг эрдэмтэн байжээ. Энэ нь Үндсэн хуулийн эх зохиох үед онцгой тодордог.
 
ӨРНӨ, ДОРНЫН МЭРГЭДТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭВ
 
Янз бүрийн эринд газар газрын мэргэд ёс зүйн сэдвийг агуулгаар нь дугаарлан зүйлчлэн өгүүлдэг тогтсон гэмээр нэгэн зүйл арга барил хэрэглэж ирсэн бололтой. II зуунд энэтхэгийн хутагт Нагаржуна “Ардыг тэжээхүй рашааны дусал”, “Хаанд бичсэн захидал”, “Зуун билэгт” нэрт сургаал, XVI зуунд английн философич Ф.Бэкон “Улс төрийн ба зан суртахууны туршлага, сургамжууд”, XVIII зууны Манжийн Найралт Төв /Юн Жэн/ “Богдын сургаапыг сэнхрүүлэн бадруулсан бичиг”, Төвдийн Лавран хийдийн ширээт лам Гончигдамбийдонми модны шастир”, усны шастир”, саж бандид уйгар Гунгаажалцан “Сайн үгт эрдэнийн сан субашид” нэрт алдарт зохиол туурвисныг уншигчид сайн мэднэ.
 
Тэгвэл манай монгол бичгийн мэргэд ч мөчөөгөө өгсөнгүй, нүүдэлчдийнхээ ахуй, ёс суртахууны сэтгэлгээний өнгө төрхийг тусгасан судар шастир олныг зохион дэлхий нийтийн ёс зүйн эрдмийн сан хөмрөгт нэмэрлэсээр ирсэн билээ. Энэхүү сан хөмрөгийн номын жагсаалтад XIII зууны монголын түүх, соёл, утга зохиолын “нэвтэрхий толь” гэж алдаршсан "Монголын нууц товчоо" юун түрүүнд бичигдсэн нь хөх толботой бидний бахархал билээ. Үүний хойноос залган “Арван буянт номын цагаан түүх” “Оюун түлхуүр”, Д.Равжаагийн “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу”, тэрчлэн “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал”, “Тодорхой толь”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Нэгэн үсгийн эрдэм” зэрэг яруу найраг ордог бол шадар бичээч Ч.Бат-Очир үргэлжилсэн үгийн зохиолын хэлбэрээр туурвисан “Мандах нарны туяа” тус тус орох болов уу.
 
Шинжлэх ухаан, хууль зүй, гэгээрлийн салбарт хүчээ дайчлахын хамт үгийн урлагт ч оюунаа сорьж “Холбоо найруулга” нэртэй 220 мөр шүлэг зохион хэвлүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй.
 
Уг найруулгын “Хот балгасны анги” хэмээх зүйлд:
 
Улаанбаатар хот нь
Уг Монголын орон буй
Улс төрийг мандуулах
Улсын нийслэл хот буй
Удирдах хэргийг явуулах
Улсын хурлын газар буй
Олон яамыг захирсан
Охь Засгийн газар буй
Боомт сувгийг хамгаалах
Бодлогот цэргийн яаман ба
Будаа мөнгийг хадгалсан
Бодот Сангийн яаман ба
Босуулулстай харилцах
Боловсронгуй
Гадаад яаман ба
Бурангуй явагчдыг залхаах
Бурууч Шүүх яаман буй гэж шүлэглэдэг.
 
Түрүүн өгүүлснээ эргэцүүлэн бодохуя, Чулууны Бат-Очир нэрт нэгэн монгол эр түүхч, ёс зүйг судлагчийн хувьд философич, хууль зүйч, сурган хүмүүжүүлэгч, хэл шинжээч зэрэг мэргэжлийн хэд хэдэн хүний гүйцэтгэх ажлыг жар гаруй наслахдаа хийж амжуулжээ.
 
Тухайн үеийнх нь шалгуураар хэмжвэл тэдгээрийн нэгийг нь ч хийсэн чамлахааргүй. Монголын шинжлэх ухаан, соёл, хууль цааз, боловсролын олон үйл явдлыг өгүүлэхэд Ч.Бат-Очир “анхдагч”-ийн нэгэн төлөөлөгч болон нэр нь тэмдэглэгддэг. Нийгмийн ухааны хэд хэдэн салбарт холбогдох сэдвээр ном бичих нь хам хум хийж “оронцоглох”-д хүргэж байсан байлгүй гэж хэн нэгэн бодож магадгүй. Үгүй бололтой. Харин ч тэдгээрийг өргөн хараагаар харж бүтээхэд тус болж байсан гэлтэй. Түүхийн асуудал гэхэд тодорхой ёс зүйг эзэмнэгч /тээгч/, хууль ёсыг мөрдлөг болгодог хүмүүсийн үйлдэл байдагтай энэ нь холбоотой.
 
Өгүүлэлдээ цэг тавихын өмнө Ф.Энгельсийн бичсэн нэгэн өгүүллийн эш санааг татья. Европын сэргэн мандалгын үеийн “титан” аваргуудын үйл ажиллагааны шинж төлөвийг тодорхойлохдоо тэд цөм гадаад далайгаар аялж юм үзэж, нүд тайлсан, европын хэд хэдэн хэлийг ус, цас шиг эзэмшсэн, шинжлэх ухаан, соёл урлагийн хэд хэдэн талбарт гялалзсан бүтээл гаргасныг онцолсон байдаг. Эдгээр шинж газар зүйн байрлал, аж төрөхүйн уламжлал зэргээс хамаарсан наад зах нь уналга, хөсгөөр зохих ялгаатайгаар сэргэн мандалтын дорнын, түүний дотор Халх
 
Монголын оронд зуршмал байсан гэж үзэж болох байх. Үүний нэгэн тод жишээ нь 60 гаруй өртөө /хоёр өргөөний хоорондын зай 25-30 орчим км/ газар олон хоног мориор явж Бээжин хүрээд тэндээс олсон номоо тэмээнд ачиж мориороо дөрвөн cap явж ирсэн, дорнын гурван хэл мэддэг, хууль цааз, түүх, ёс зүй, монгол хэл бичгийн салбарт мэргэжин олон бүтээл гаргасан Ч.Бат-Очир байсан нь түрүүн өгүүлсэн баримтуудаас илэрхий.
 
Хольцолдсон төмрийн уртсийг соронзон гүр ялгаж чадъюу.
Эрдэмт, эрдэмгүй ардыг дээд төрөлхтөн таньюу.
Сүүний дотроос усыг халуун ялгаж чадъюу.
“Арван буянт номын цагаан түүх "-ээс
 
Заяамал номтон шадар Бат-Очирын эрдэм чанарыг бусдаас арай түрүүлэн ялгаж таньсан академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар түүний намтарт холбогдох чухаг зүйлийг өгүүлсэн дурсамж өгүүлэл үлдээжээ. Элдэв долоон үг нуршилгүй шадрын зөвхөн намба, ааш араншин, бүтээлийн үнэ цэнийн талаар Ц.Дамдинсүрэн академичийн “Бат-Очир шадар” өгүүлээс шууд эш татья.
 
“Бат-Очир гуай бол тайлбар толь хийхэд нэлээд ажилласан хүний нэг болно. Тэр үеийн хүний олонхын адил манж бичигт сайн, монголын түүх сайн мэддэг хүн байсан. Ү г яриа цөөтэй, их төлөв дуугүй суудаг хашир түшмэлийн байдалтай хүн.
 
... Бат-Очир гуай монгол бичгийн элдэв хэлбэр эвхмэл, дармал, таталган хэлбэрийг сайн мэддэг. Энэ элдэв хэлбэрийг гараар бичиж “Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын бичиг’’-ийн нэг дэвтрийг гаргасан.
 
Бат-Очир гуай бас “Мандах нарны туяа” гэдэг сурагчдын унших бичиг, Монголын түүхийн эрт эдүгээгийн уламжилсан бичиг гэдэг монголын түүхийн лавлах бичгийг зохиож хэвлүүлсэн. Эхний номд нь Кунзийн суртлын нөлөө нэлээд байх шиг санагдсан. Түүхийн лавлахаас нь би Монголын Сяньби, Жужан улс гэж байсныг анх олж мэдсэн. Жужан улс гэдэг бол гол, нуурууд гэдэг үгнээс гаралтай гэдэг.
 
Монголын Сяньби улс бол төвдөд нүүж очоод Сүмба нэртэй болсон бололтой. Одоогийн Төвдөд байгаа Сүмба нэр бол монголын сяньби нарын удам угсаа мөн бололтой. Сүмба нарын тухай энэ далимд бас нэг зүйлийг нээж яръя. Монголын эрдэмтэн Сүмба Ханбо Ишбалжирыг Сүмба гэдэг тэр Сүмба нарын хувилгаан мөн учраас Сүмба хутагт нэртэй болсон юм...” гэж бичжээ.
 
Б.Ринчен академич Судар бичгийн хүрээлэнгийн эхэн үеийн жирийн өдрийн ажил үйлсийн тухай хүүрнэн өгүүлэхдээ хоёрхон өгүүлбэрийн дотор Бат-Очир гуайн нэр, үйлийг гурван удаа дурдсан нь учиртай байх аа. Үүнд: “Судар бичгийн хүрээлэнгийн тэргүүлсэн сайд Жамъян авгай “монгол бичиг төсөөлнө” гэж бичдэг байсан. Мөн дэргэд нь сууж манжаас маш чухап бичгийг орчуулдаг байсан Бат-Очир шадар гуай ч “манж, монгол төсөөлнө” гэж бичиж суудаг асан ... Жамъян сайд, Бат-Очир шадар, Мишиг, Цэвээн гуайн яамлан суудаг арван хоёр ханатай том гэрт орж ирээд Бат-Очир гуайн орчуулж байсан “Зүүн гарыг түвшитгэсэн бодлогын бичиг” гэдгийг үзэж товхиж байсан ажилд нь шөвөг барин туслалцахын далимд бас сонирхон үзэж суудаг хүн байж билээ гэж бичсэн байдаг.
 
МАХН-ын Төв хорооны дэргэдэх намын түүхийн институтийн тасгийн дарга, доктор, бидний багш Лхамсүрэнгийн Бат-Очир агсан шадартай нутаг, мэргэжил, нэр нэгтэй хүн болохоор цуг хамт илүү ойр ажиллаж байсан хүмүүсээс түүний тухай асууж сураглан байсан бөгөөд дуулснаа надад ийн өгүүлж билээ. “Шадар гуай бол хаана ч ажилласан, юу ч хийсэн бичиг зохиолыг хийсэн шиг хийдэг хүн байсан. Ганцаараа толгой даагаад бичиг ном зохиоход гараас гарсан бүтээл хийнэ, олуулаа нийлээд эрдэм номын асуудал хэлэлцэхэд цөөн боловч орхихын аргагүй санаа хэлдэг байсан. Заримдаа хожим өөрөө ном зохиолдоо хэрэглэнэ гэж хадгалж үлдмээр санаагаа харамгүй хэлдэг сайхан сэтгэлгэй, уужим ухаантай хүн байсан гэж ярьдаг байсан” гэж ярьж билээ.
 
Тэрчлэн шадар гуай хааны зарлигаар түрүүн нэрлэсэн зэрэг, цолуудыг ойр ойрхон хүртсэний зэрэгцээ хэний ч зарлиггүйгээр “хичээнгүй бичээч”, “уран бичээч” хэмээн алдаршиж байжээ. Үүнийг 1981 онд А.Дашнямын бичсэн нэгэн өгүүллээс үзэж болно.
 
Тэрбээр Ч.Бат-Очир “Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл” хэмээх дэвтэрт “Үндсэн хуулийн тэргүүн, дэд, гутгаар зүйлийг хичээнгүй, бийрийн дармал, таталган, үзгийн дармал, эвхмэл үсгээр хуулан сийрүүлж, хэлбэр, зурлага үзэмж гоёмсог, гальбир хэмжээ журам, зүйд нийлэмжтэй, үсгийн дүрэм гүйцэт зохистой болгон бичсэнийг үнэлэн “бичиг сурч буй хэн нэгэн дууриан бичиж сураасай” гэж өгүүлсэн байдаг. Мөн Богд хаант Монгол Улсын үед хэвлэгдэж байсан “Шинэ толь” сэтгүүлийн хавтасан дээрх сэтгүүлийн нэрийг хичээнгүй үсгээр бичсэн нэгэн баримт буй.
 
Гурван төрийн нүүрэнд бийргээс гар салгаагүй “шадар билэгт”хэмээх Монголын бичгийн том эрдэмтэн Ч.Бат-Очир нэгэн жарнаас арай илүү наслаад лагшин биеэ номын чанарын агаарт хураажээ. Гэвч бичиж хэвлүүлсэн, хожим хэвлэгдэх ном дэвтэр түүний алдрыг мөнхжүүлсэн хөшөө дурсгал болон сүндэрлэсээр байх болно.
 
А.Шагдар
(Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул)