sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг өдөр тохиож буйг тэмдэглээд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын Ц.Мөнх-Оргил Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дарааллын дээгүүрт оруулж өгөх хүсэлт гаргав. Хуралдааныг даргалагч тус хуулийн төсөл өнөөдрийн хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд байсныг дөрөвдүгээрт хэлэлцэхээр наашлуулж байгаагаа мэдэгдсэн.
 
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, "Ирэх 7 хоногт АН-ын Их хурал болно. Энэ цаг үетэй УИХ-ын байнгын хороо хуралдах үетэй цаг хугацааны хувьд таарч байна. Учир нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн болон Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэж таарах байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын дарга М.Энхболд, "Баасан гараг бүрт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, тухайн 7 хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт гаргадаг. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Я.Санжмятав даргын дэргэдэх зөвлөлийн хуралд байлцсан. Ингээд хоёр байнгын хороогоор Хөгжлийн банкны асуудлыг товлосон. Харин танай намын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар 5 хоногийн завсарлага авснаар асуудал ирэх 7 хоног руу орсон шүү" гэсэн тайлбарыг хийв.
 
Өөр саналтай гишүүн байгаагүй тул чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалдаа орлоо.
 
Б.Туул 
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг