sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Х.Чилаажавыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр томиллоо.
 
Х.Чилаажавыг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.
 
Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга, Монголын үндэсний төв номын сангийн захирал, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан.,
 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг 2005 онд баталсан. Х.Чилаажав өмнө нь Үндэсний зөвлөлд ажиллаж байсан хүн. Хүнийнх тухайд нь ярих юм алга. Ил далд улстөрийн хаялга арилдаггүй юм бол Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.
 
Эсвэл хуучин шигээ Засгийн газрын харьяанд авчихмаар юм. Цаашид хуулиа хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу” гэсэн асуудлыг хөндсөн. Эл асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга М.Энхболд, “Байнгын хорооны зүгээс МҮОНРТ-д ажлын хэсэг гарч ажилласан. Энэ байгууллага уг нь одоогийн жишгээрээ ажиллавал зүгээр. Байнгын хорооны гишүүдийн хувьд хуулиа хэрэгжүүлдэг байхад хангалттай юм гэсэн саналаа хэлж байсан” гэсэн тайлбарыг хийв.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Үндэсний зөвлөлд олон нийтийн төлөө дуугардаг хүнийг томилдог байх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Олон нийтийн радио телевизийн тухай хууль бол амьдралд нийцсэн хууль болсон. Өнгөрсөн 26 хугацаанд төр засгийн мэдлээс хэвлэл мэдээллийг гаргасан явдал юм. Асуудлыг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбож ойлгох ёстой" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 76.1 нь дэмжлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг