sonin.mn
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд Сангийн яамнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшүүлсэн Н.Мандуулыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжив. Дараа нь  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилох, А.Мөнхбатыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.
 
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн одоог хүртэл 15 сарын хугацаанд Үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй байна. Тиймээс Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эргүүлэн татахаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Түүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс татах болсон­той холбогдуулан Засгийн газраас Х.Чилаажавыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал оруулж ирсэн нь өмнөх өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн юм.
 
Х.Чилаажав ХААДС-ийг мал эмнэл­гийн биотех­но­логич, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга зэрэг алба хашиж байсан, сэтгүүлч, яруу найрагч. Х.Чилаажавыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар саналаа хэлсэн юм.
 
Ц.Нямдорж:
 
-Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг 2005 онд баталсан. Х.Чилаажав өмнө нь Үндэсний зөвлөлд ажиллаж байсан хүн. Хүнийнх нь тухайд ярих юм алга. Мөн ил далд улс төрийн хаялга арилдаггүй юм бол Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. МҮОНРТ-ийг Засгийн газрын харъяанд ажиллуулдаг ч юм уу гэсэн бодол төрөх боллоо. Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ байгууллагыг Засгийн газрын харъяанд авмаар байна.
 
Д.Сарангэрэл:
 
-МҮОНРТ-ээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон засварыг 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Ямар учраас завсарыг хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. МҮОНРТ гурван тэрбум төгрөгийн өрөнд  дарагдсан гэж ярьж байна. Үүнийг яах ёстой юм. Телевиз үздэг бүх хүнээс хураамж авдаг атал өрөнд ороод сууж байдаг. Дээр нь 13 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Энэ хөрөнгөөр зар сурталчилгаа явуулахгүйгээр хангалттай амьдраад явах боломжтой мөнгө. Х.Чилаажавыг нэр дэвшүүлж байгааг бүрэн дэмжиж байна. Тиймээс энэ байгууллагын дутагдлыг арилгана гэдэгт итгэлтэй байна.
 
О.Баасанхүү:
 
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. Үндэсний зөвлөлийн гишүүдийг олон нийтийн төлөө ажилладаг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ялсан намын төлөө ажиллаад байна.
 
Н.Энхболд:
 
-МҮОНРТ-ийн Үн­дэс­ний зөвлөл ажлаа хийж чадахгүй байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөв­лөлийг УИХ-аас то­мил­дог. Нэгэнт томил­сон юм чинь Үндэсний зөв­лөл ажлаа хийхгүй бол хариуцлага тооцдог бо­лох нь зүйтэй. Цаашид шаард­лагатай гэж үз­вэл хуульд нь нэмэлт, өөрч­лөлт оруулаад, Үндэсний зөвл­өлийг ажлаа хийхэд шаард­лага тавьж ажил­ла­даг болвол зүгээр юм гэв.
 
Ингээд Х.Чилаажавыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь дэмжиж то­мил­лоо. Мөн А.Мөнхбатыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжив.
 
УИХ-ын нэгдсэн чуул­ганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон Төрийн албаны тухай зэрэг хуулийн төслүүд байв.
 
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн юм. Найман бүлэг, 58 зүйлтэй уг хуулийн төсөлд  Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хилийн аюулгүй байдлын талаарх зохицуулалтыг шинээр тусгажээ. Уг хуулийн төсөлтэй холбоотой Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хилийн зурвас 15 км, хилийн бүс 100 км байгаа.
 
Хилийн тухай хуулийг 1993 онд баталсан. 23 жилийн дараа шинэчилсэн найруулга хийх гэж байна. Энэ хуульд хил орчмын нутаг дэвсгэр гээд зөвхөн 100 км-т хязгаарлахгүй, ерөөсөө хил орчмын 70-аад сумыг хил орчмын нутаг дэвсгэр гэж тодорхойлж өгч байгаа юм. Энд үйл ажиллагаа явуулах эсэхийг нь тодорхой хуулиар зохицуулна. Хилийн зурвас нь хуучнаараа буюу 15 км-ээрээ байгаа. Энд үйл ажиллагаа явуулахаар бол Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийг авах ёстой.  Өмнө нь ийм байсан, одоо ч хэвээрээ байгаа. Харин “Талын мэлтэс” гэдэг орд бол Засгийн газрын эрх мэдлээс давсан асуудал. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газар нутаг гэж бий.
 
Тэнд үйл ажиллагаа явуулах буюу үйл ажиллагаа явуулах эсэхийг зөвхөн УИХ шийддэг. Өөрөөр хэлбэл, “Талын мэлтэс” их говийн дархан цаазат газарт байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажил­лагаа явуулж, ашигт малтмал олборлох нь гэдэг байдлаар мушгин гуй­вуулаад байна” гэсэн тайлбарыг өгч байлаа. Уг хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ.
 
Д.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин